Миний тохиргоо

Сиднейд халдлага үйлдэхээр төлөвлөсөн өсвөр насны хүү цахим орчинд радикал үзэлд автсанаа хүлээв

Австралийн Сидней хотод 2024 онд террорист халдлага үйлдэхээр бэлтгэсэн хэргээ хүлээсэн өсвөр насны хүү TikTok платформоос хэт даврагчдын бичлэг анх үзэж, улмаар ChatGPT хиймэл оюуныг ашиглан төлөвлөгөөгөө боловсруулсан гэдгээ шүүхэд мэдүүлжээ. Насанд хүрээгүй тул шүүхийн баримтад 'РК' хэмээн тэмдэглэсэн уг 16 настай хүү террорист ажиллагаанд бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн Дээд шүүх түүнийг шоронд хорих ялаас чөлөөлж, гурван жилийн хугацаатай нийтийн хөдөлмөр эрхлүүлэх, тэнсэн харгалзах шийдвэр гаргав.

Хэрэг гарах үед буюу 2024 онд дөнгөж 14 нас хүрээд байсан хүү цахим сүлжээнд радикал үзэлд хэрхэн татагдсанаа дэлгэрэнгүй ярьжээ. Шүүгч Стивен Кэмпбеллийн тайлбарласнаар, хүү эхлээд TikTok-оос загалмайтны аян дайн, тэдгээрийн эзэнт гүрний тухай түүхэн болон улс төрийн сэдэвт бичлэгүүд үзэж эхэлсэн байна. Улмаар 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага, түүний дараах терроризмын эсрэг дайны бичлэгүүд рүү шилжиж, эцэст нь улам бүр хүчирхийллийн шинжтэй шашны агуулгуудыг сонирхох болжээ.

Үүний дараа хүү цахим орчны танихгүй хүмүүстэй холбогдож, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Сиднейн дуурийн театрыг халдлага үйлдэх боломжит байршлаар сонгосон байна. Тэрээр тархиа угаалгаж, YouTube-ээс тэсрэх бөмбөг хийх зааварчилгаа үзэж эхэлснээ хэлсэн ч шүүгч түүнд бодит төлөвлөгөө байгаагүй бөгөөд тэсрэх бодисын ямар ч түүхий эд цуглуулаагүй байсныг онцоллоо. Мөн хүү Telegram ашиглан даралтат тогоогоор бөмбөг хийх заавар хайж, Бостоны марафонд халдсан Жохар Царнаевтай цахим шуудангаар холбогдохыг завджээ.

Түүнчлэн хүү ChatGPT чатботыг ашиглан уг халдагчийн тухай мэдээлэл хайж, хоригдлууд мэдээ үзэх эрхтэй эсэхийг асуусан байна. Үүгээр зогсохгүй албан ёсны цахим шуудангаар холбооны шорон руу захидал илгээн, Царнаевтай харилцах боломж байгаа эсэхийг лавласан ч хариу аваагүй ажээ. Хүү мөн Сиднейн дуурийн театрын хамгаалалтын зохион байгуулалт, Сиднейн марафон бариалах цэг, хэт даврагчдыг хорьдог шоронгийн байршлыг хиймэл оюунаас асууж судалж байв.

Шүүгчийн хэлснээр, өсвөр насны хүү Telegram сүлжээгээр 'Исламын улс' бүлэглэлийн суртал ухуулгын бичлэгүүдийг бусдад илгээж, өөрийгөө 'мундаг' харагдуулахыг оролдож байжээ. Харин баривчлагдсаныхаа дараа тэрээр үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, лалын шашны номлогчоос зургаан удаагийн ёс зүй, шашны сургалт авсан байна. Шүүх түүнийг хэт даврагч радикал үзлээсээ бүрэн татгалзсан хэмээн дүгнэжээ.

Энэхүү хэрэг цахим орчин дахь хэт даврах үзлийн аюулыг дахин сануулж байна. Австралийн Аюулгүй байдал, тагнуулын байгууллагын (ASIO) дэд дарга Клэйр МакГиннес өнгөрсөн сард парламентын сонсголын үеэр өсвөр үеийнхэн цахим сүлжээнд радикал үзэлд автах явцыг илрүүлэх нь хамгийн том сорилт болсныг онцолсон юм. Түүний хэлснээр, хүүхдүүд TikTok болон Instagram-аас сонирхолтой контент үзэж эхлэх үед алгоритм нь тэднийг улам радикал, аюултай сүлжээ рүү чиглүүлдэг тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

The Guardian AustraliaThe Guardian Australia · Эх сурвалж