Австралийн Сидней хотын дотоод баруун хэсэгт цахилгаан унадаг дугуй унаж явсан 25 настай эмэгтэйг цагдаагийн бүрэн тэмдэглэгээтэй албаны машинаар мөргөөд хэргийн газраас зугтсан хоёр цагдаагийн алба хаагчид албан ёсоор ял тулгав.
Энэхүү осол тавдугаар сарын 12-ны мягмар гаргийн өглөөний 05:00 цагийн орчимд Глиб Пойнт Роуд (Glebe Point Road)-ны ойролцоо гарчээ. Шинэ Өмнөд Уэльс мужийн Цагдаагийн газрын мэдээлснээр, тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар ослын дараа машинаа зогсоож тусламж үзүүлэлгүй хэргийн газрыг орхин явсан байна. Хохирогч эмэгтэй түргэн тусламж дуудсаныхаа дараа болсон явдлыг цагдаад бүртгүүлжээ.
Мөрдөгчид даваа гарагт тухайн үед машиныг жолоодож явсан 27 настай эрэгтэй цагдааг хууль ёсны үүргээ үл биелүүлсэн, хайхрамжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон болон нөгөө талын жолоочид холбогдох мэдээллээ өгөөгүй гэсэн үндэслэлээр буруутгасан байна.
Харин түүнтэй хамт явсан 25 настай эрэгтэй цагдаад албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэжээ. Холбогдох албаныхан хоёр цагдаад шүүхэд дуудах мэдэгдэх хуудас гардуулсан бөгөөд тэд ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Даунинг шүүхэд (Downing Court) дуудагдахаар болов.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Цагдаагийн газар уг алба хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг хянаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.


