Лхагва гаргийн өглөө орон нутгийн цагаар 10:00 цагт Италийн 312 сургуульд барилга дотор нь алсын удирдлагатай хүчирхэг тэсрэх бөмбөг байрлуулсан гэх агуулга бүхий цахим шуудан иржээ. Сургуулиудын дийлэнх нь Ром хотод байрлалтай байсан бөгөөд бусад томоохон хотуудын сургалтын байгууллагууд ч ижил сүрдүүлэг хүлээн авсан байна.
Үүний улмаас сургуулиудаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлэв. Италийн Сургуулийн захирлуудын үндэсний холбооны тэргүүн Антонелло Жаннелли уг үйлдлийг эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн хуурамч сүрдүүлэг гэж тодорхойлсон бол Батлан хамгаалахын сайд Гвидо Крозетто үүнийг олон мянган гэр бүлийг айдаст автуулах зорилготой алхам хэмээн мэдэгдлээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Жоржиа Мелони Засгийн газрынхаа танхимыг яаралтай хуралдуулахаар болов. Тэрбээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, хууль сахиулах байгууллагууд нөхцөл байдлыг бүрэн хянаж байгааг дурдаад одоогоор бодит аюул занал тогтоогдоогүй, харин олон нийтийг түгшээх зорилготой зохион байгуулалттай үйлдэл байх магадлалтайг тэмдэглэжээ.
Италийн сургуулиудад ирсэн уг сүрдүүлгийн цахим захидлыг өнгөрсөн баасан гарагт Болгар, Ирландын хэвлэл мэдээллийн редакциудад очсон хуурамч нэрээр илгээсэн байв. Түүнчлэн Умард Ирландын 300 орчим сургууль ийм төрлийн сүрдүүлэг хүлээн аваад байгаа ч нэг этгээд үйлдсэн эсэх нь хараахан тодорхойгүй байна.
Сүүлийн үед Европ даяар супермаркет, нислэгийн хөдөлгөөн удирдах төв, цусны төв болон өргөн нэвтрүүлгийн байгууллагуудад чиглэсэн холимог халдлагууд гарч байгаа нь удирдагчдын дунд түгшүүр төрүүлж буй юм. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Крозетто гадаадын дайсагнагч улс орнуудын үйл ажиллагаа гэж яаран дүгнэхгүй байхыг сануулаад, анхаарал татах гэсэн этгээдүүдийн явуулга байхыг үгүйсгэхгүй гэв.


