Казахстаны олон улсын технологийн томоохон кластер болох 'Astana Hub' үүсгэн байгуулагдсаны найман жилийн ой энэ сард тохиолоо. Тус төвийн мэдээлснээр, уг экосистемд нэгдсэн компаниуд 2019 оноос хойш нийт 6.7 тэрбум ам.долларын орлого олж, 2.4 тэрбум ам.долларын мэдээллийн технологийн үйлчилгээ экспортолжээ. Түүнчлэн стартап төслүүдэд 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна.
Өдгөө уг технологийн паркад 2700 компани бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 560 нь гадаадын шууд оролцоотой аж ахуйн нэгж юм. Энэ нь тус төвийг Төв Евразийн технологийн бизнес эрхлэлт, инновацын гол төв болгож байна. 'Astana Hub'-ийн гүйцэтгэх захирал Магжан Мадиев онцлохдоо, энэхүү амжилт нь бизнес эрхлэлт, өндөр технологи болон хүний нөөцийг тууштай хөгжүүлсний үр дүн бөгөөд зөвхөн эдийн засгийн өсөлтөөр бус дижитал эдийн засгийг бүрдүүлж буй хүмүүсээр хэмжигдэнэ гэв.
Кластерын бүсийн сүлжээ одоогоор Казахстаны янз бүрийн мужид 20 салбар төвийг ажиллуулж байна. Эдгээр төвүүд орон нутагтаа технологийн боловсрол олгох, гарааны бизнесийг дэмжих зорилгоор 5200 гаруй арга хэмжээ зохион байгуулж, 80 мянган хүнийг хамруулан 700 гаруй стартапыг танилцуулжээ. Түүнчлэн АНУ, Их Британи, Хятад, Арабын Нэгдсэн Эмират Улс, Малайз зэрэг орнуудад өөрийн инновацын төвүүдийг нээн ажиллуулж, дотоодын компаниудаа олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж байна.
Хүний нөөц, хиймэл оюуны боловсролыг хөгжүүлэх хүрээнд 'TUMO Astana' төв 12-18 насны 2430 өсвөр үеийнхэнд программчлал, робот техник, генератив хиймэл оюун зэрэг 11 чиглэлээр сургалт явуулж байна. Харин 'Tech Orda' хөтөлбөр 133 мэдээллийн технологийн сургуулиар дамжуулан 11410 мэргэжилтэн бэлтгэснээс төгсөгчдийн 90 хувь нь ажлын байртай болжээ. Үүнээс гадна тус улсын хиймэл оюуны анхны сургууль болох 'Tomorrow School' 14 хотод хүрээгээ тэлж, 481 оюутан суралцаж байгаагаас 80 гаруй нь төгсөхөөсөө өмнө мэргэжлээрээ ажилд орсон амжилт үзүүлэв.
Гарааны бизнесийг эхний шатанд нь дэмжих хөтөлбөрүүдийн үр дүнд 'Startup Garage'-аар 1400 гаруй төсөл дамжсан бол 'Silkway Accelerator'-ыг 83 стартап амжилттай дүүргэжээ. Хиймэл оюуны төслүүдийг дэмжих 'AI'preneurs' хөтөлбөрөөс 51 стартап төсөл төрөн гарч, 618 мянга гаруй ам.долларын борлуулалт хийн, 400 мянган ам.долларын санхүүжилт татсан дүнтэй байна.
Хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх зорилгоор 'Astana Hub Ventures' сан багцдаа технологийн 90 гаруй стартапыг багтааж, дэлхийн нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн технологийн эрэлт хэрэгцээг хангах платформоор дамжуулан эрүүл мэнд, хөдөө аж ахуй, робот техник, кибер аюулгүй байдлын салбарт 385 асуудлыг шийдвэрлэхээр 3000 гаруй шийдлийг хүлээн авчээ. Ийнхүү тус төв нь бүс нутгийн дижитал эдийн засгийг эрчимжүүлэх, хиймэл оюуны тэргүүлэгч төв болох бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна.


