Миний тохиргоо

АНУ болон ‘Chevron’ компани Казахстаны залууст зориулсан боловсролын хөтөлбөрөө сунгав

АНУ болон эрчим хүчний 'Chevron' компани хамтран Казахстаны залууст шинжлэх ухаан, технологийн чиглэлээр үнэ төлбөргүй боловсрол олгох 'Makerspace' хөтөлбөрөө дахин гурван жилээр сунгав. Хоёр тал энэхүү шийдвэрийг баталгаажуулсан харилцан ойлголцлын санамж бичигт 11 дүгээр сарын 5-нд гарын үсэг зуржээ.

АНУ-аас Казахстан улсад суугаа Элчин сайд Жули Стаффт болон 'Chevron Eurasia' компанийн ерөнхийлөгч Дерек Магнесс нар уг баримт бичгийг үзэглэсэн байна. 2020 онд эхэлсэн энэхүү санаачилга нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик буюу STEAM чиглэлийг залууст практик хэлбэрээр заах зорилготой юм.

Төслийн хүрээнд Казахстаны Астана, Алматы, Актобе, Уральск, Өскемен, Павлодар, Петропавловск гэсэн долоон хотын 'Америкийн төв'-үүдэд үнэ төлбөргүй лаборатори ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 2300 орчим сургалт, воркшоп зохион байгуулснаар 54 мянга гаруй сурагч, оюутан болон залуу мэргэжилтнүүд хамрагджээ.

Лабораториуд нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд робот техник, хиймэл оюун, 3D загварчлал, программчлал, пуужингийн инженерчлэл болон бүтээлч урлагийн сургалтуудыг мэргэжлийн багш нар үнэ төлбөргүй заадаг. Энэ нь залуусын шүүмжлэлт сэтгэлгээ, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлж, Казахстаны инновацад суурилсан эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж