Миний тохиргоо

Баку хотноо болох Инновацын дээд хэмжээний уулзалтад Шарапова, Гавдат нар оролцоно

Азербайжаны нийслэл Баку хотын Конгресс төвд арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд 'INMerge Innovation Summit' инновацын дээд хэмжээний уулзалт болно. 'PASHA Holding'-ийн зохион байгуулж буй уг чуулга уулзалт нь олон улсын бизнесийн манлайлагчид, технологийн мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид болон стартап компаниудыг нэгтгэдэг бүс нутгийн томоохон арга хэмжээ юм.

Энэ удаагийн уулзалтад их дуулгын таван удаагийн аварга, 2025 онд Олон улсын теннисний алдрын танхимд заларсан Мария Шарапова оролцоно. Тэрбээр спортын амжилтаа өндөрлүүлсний дараа бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчаар ажиллаж буй бөгөөд 'Moncler' компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, бестселлер номын зохиолч юм.

Мөн 'Google X'-ийн бизнесийн ерөнхий захирал асан, хиймэл оюун болон түүний нийгэмд үзүүлэх нөлөөний чиглэлээр танигдсан Мо Гавдат, 'Nike' компанид гуч орчим жил ажиллаж маркетингийн захирал болсон Грег Хоффман нар илтгэл тавина. Үүнээс гадна технологийн дэвшил, эдийн засгийн өсөлтийн судалгаагаараа 2025 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн эдийн засгийн түүхч Жоэл Мокир зочноор уригджээ.

Анх 2021 онд зохион байгуулагдаж эхэлсэн уг чуулган нь Азербайжан, Кавказ, Төв Ази, Ойрх Дорнод болон Европын корпорац, хөрөнгө оруулагчид, стартапуудыг холбосон бүс нутгийн талбар болон өргөжсөн байна. Уг үйл ажиллагаа нь бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Баку хотыг инновацын төв болгон хөгжүүлэх зорилготой юм. 2025 оны чуулга уулзалтад 5,000 гаруй төлөөлөгч, 180 гаруй илтгэгч, 122 стартап болон 80 хөрөнгө оруулагч оролцсон байна.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж