Миний тохиргоо

Казахстан гадаадын иргэдэд хувийн дугаарыг нэг өдрийн дотор олгоно

Казахстаны Дотоод хэргийн яамнаас гадаадын иргэдэд хувийн таних дугаар буюу IIN-ийг цахимаар авах боломж олгох туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Гадаадын иргэд тус үйлчилгээг цагаачлалын цахим үйлчилгээний MAQ платформ болон QazETA гар утасны аппликейшнээр дамжуулан авах бөгөөд хүсэлтийг ажлын нэг өдрийн дотор шийдвэрлэхээр тусгажээ. Энэхүү журмыг 11 дүгээр сарын 2-ны өдрийн 825 дугаар тушаалаар баталж, 11 дүгээр сарын 9-ний өдрөөс албан ёсоор мөрдөж эхэлсэн байна.

Шинэ журмын дагуу гадаадын иргэд QazETA аппликейшнд бүртгүүлж, хувийн мэдээллээ боловсруулах зөвшөөрөл олгох шаардлагатай. Үүний дараа иргэний үнэмлэх эсвэл паспортынхоо зургийг системд оруулж, нүүр царай таних биометр болон бодит цагийн шалгалтыг амжилттай давж, байршлаа баталгаажуулна.

Уг үйлдлүүдийг хийж гүйцэтгэсний дараа систем хүсэлтийг автоматаар үүсгэх бөгөөд хэрэглэгч оруулсан мэдээллээ шалгаж, шаардлагатай нэмэлт мэдээллийг оруулах боломжтой. Үүний зэрэгцээ эрх бүхий байгууллагууд тухайн иргэний Казахстанд нэвтэрсэн бүртгэлийг 'Беркут' нэгдсэн системээр тулган баталгаажуулна.

Хил нэвтэрсэн нь батлагдмагц өргөдлийг Дотоод хэргийн яаманд шилжүүлж, бичиг баримтын бүрэн бүтэн байдал, мэдээллийн үнэн зөвийг нягтлах юм. Мөн тухайн иргэнд өмнө нь IIN дугаар олгогдсон эсэхийг давхар шалгана. Бүх шалгуурыг хангасан тохиолдолд систем хувийн дугаарыг үүсгэн холбогдох санд бүртгэх ажээ.

Хүсэлт гаргагчид үр дүнгээ QazETA аппликейшний 'IIN өргөдлийн жагсаалт харах' эсвэл 'IIN харах' цэсээр шалгах боломжтой бөгөөд өөрийн бүртгэлийн гэрчилгээг цахимаар татан авах нөхцөл бүрдсэн байна.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж