Миний тохиргоо

Цагаачдыг залилж татвараас зайлсхийсэн өмгөөлөгч гэм буруугаа хүлээв

АНУ-ын Род-Айленд мужийн Провиденс хотын өмгөөлөгч цагаач үйлчлүүлэгчдээ залилан мэхэлж, холбооны татвараас зайлсхийсэн хэргээ холбооны шүүхэд хүлээн зөвшөөрлөө. Энэ тухай тус мужийн Прокурорын газраас мэдээлсэн бөгөөд уг хэргийг мөрдөн шалгахад АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) дэмжлэг үзүүлсэн байна.

Род-Айленд болон Массачусетс мужид үйл ажиллагаа явуулж байсан 43 настай өмгөөлөгч асан Жозеф Молина-Флинн цахим сүлжээний залилан болон татвараас зайлсхийсэн тус бүр нэг зүйл ангиар гэм буруугаа хүлээв. Тэрбээр 2019-2023 оны хооронд цагаач үйлчлүүлэгчдэд огт үзүүлээгүй хуулийн үйлчилгээ болон өргөдлийн хураамж нэрээр төлбөр авч, тэдний хэргийн явцын талаар худал мэдээлэл өгдөг байжээ. Ийм замаар нийт 98 мянга орчим ам.доллар цуглуулан хувийн хэрэгцээ болон оффисынхоо зардалд ашигласнаа өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнчлэн Молина-Флинн 2021 оны холбооны орлогын албан татварын тайлангаа гаргаагүй бөгөөд хувийн зардлаа хуулийн фирмийнхээ данснаас төлөх замаар орлого болон цалингийн татвараа нуун дарагдуулсан байна. Хэрэг наймаалцах хэлэлцээрийн дагуу түүний татвараас зайлсхийсэн хохирлын хэмжээг хамгийн багадаа 550 мянга, дээд тал нь 1.5 сая ам.доллароос бага гэж тооцохоор талууд шүүхэд санал болгохоор тохиролцжээ.

Хэлэлцээрийн дагуу тэрбээр залилангийн хохирогчдод 83,265 ам.долларын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээлээ. Мөн 2019-2023 оны татварын тайлангаа үнэн зөвөөр нөхөн гаргаж, үндсэн татвар, хүү, торгуулийг Сангийн яаманд бүрэн төлөх шаардлагатай болов. Шүүх хурал 12 дугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд холбооны шүүгч холбогдох хууль, дүрмийн дагуу эцсийн ялыг онооно. Цахим сүлжээний залилан нь 20 хүртэл жил, татвараас зайлсхийх гэмт хэрэг нь 5 хүртэл жилийн хорих ялтай ба торгууль, цагдан хяналтын хугацаа давхар оногддог хуультай.

Энэхүү хэргийг АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны Дотоодын аюулгүй байдлын мөрдөх алба, Татварын алба (IRS), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Провиденсийн цагдаагийн газар USCIS-ийн тусламжтайгаар хамтран илрүүлжээ.