Япон улс Ангараг гарагийн дагуул Фобосоос хөрсний дээж авчрах урьд өмнө хийгдэж байгаагүй түүхэн ажиллагааг эхлүүлэн, сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө. Японы сансар судлалын агентлаг (Jaxa)-ийн мэдээлснээр уг Martian Moons Exploration (MMX) төслийн хөлгийг улсынхаа нэрийн хуудас болсон H3 зөөгч пуужингаар өмнөд баруун нутгийн Танегашима арлаас үүр цайхаас өмнө хөөргөсөн байна. Уг хөлөг ирэх оны наймдугаар сард Ангарагийн тойрог замд хүрч, төмс хэлбэртэй жижиг дагуул Фобосын гадаргуугаас хамгийн багадаа 10 грамм хөрс, чулуу цуглуулах төлөвлөгөөтэй юм.
Фобос нь 14 миль буюу 22.5 километрийн диаметртэй, гадаргуу нь олон тогоотой бөгөөд Ангарагаас 6,000 километрийн өндөрт гарагийг өдөрт гурван удаа тойрон эргэдэг байна. Мягмар гарагийн өглөө 4 цаг 41 минутад Танегашима сансрын төвөөс хөөрсөн уг пуужингийн нислэгийг олон мянган иргэн цахимаар шууд хүлээн авч үзжээ. Хөөрснөөс нэг цагийн дараа хөлөг пуужингийн дээд шатнаас амжилттай салсныг Jaxa-ийн эрдэмтэд зарлахад хяналтын төвийн танхимд баяр хөөр дүүрэн уур амьсгал бүрдсэн юм.
АНУ-ын НАСА сүүлийн 50 жилийн хугацаанд Ангараг дээр есөн хөлөг амжилттай газардуулж, Хятад улс 2021 онд гадаргуу дээр нь хөлгөө буулгасан билээ. Харин Ангарагийн сар болох Фобос болон түүний арай жижиг Деймос дагуул дээр өмнө нь ямар ч улс төхөөрөмж буулгах гэж туршиж байгаагүй юм. Олон улсын таван сансрын агентлаг хамтран хэрэгжүүлж буй 578 сая ам.долларын өртөгтэй уг төсөл нь таван тонн жинтэй хөлгөөр дамжуулан Франц, Германы хамтарсан Идефикс ровер төхөөрөмжийг гадаргуу дээр хүргэхээр ажиллаж байна.
Фобосын татах хүч дэлхийнхээс 1,000 дахин сул тул дөрвөн дугуйт Идефикс ровер буухдаа эхний хэдэн минутад ойж цовхорсоор гадаргуу дээр тогтох тооцоо гарчээ. Ровер 100 хоногийн турш аюулгүй бүсийг судалсны дараа дөрвөн хөлтэй үндсэн аппарат тус дагуул дээр бууж, хоёр цагийн хугацаанд хөрс өрөмдөн соруулж авна. Үүний дараа хөлөг сансарт буцан хөөрч, Деймос дагуулыг хэд хэдэн удаа тойрч ажиглалт хийгээд 2030 оны арваннэгдүгээр сард Ангарагийн тойрог замыг орхин 2031 онд эх дэлхийд эргэн ирэхээр төлөвлөжээ.
Цуглуулах дээж нь Фобос болон Деймос сарууд хэрхэн бүрэлдсэнийг тогтоохоос гадна амьдралын үүсэл гарлын нууцыг тайлахад үнэтэй түлхэц үзүүлнэ гэж судлаачид найдаж байна. Эрдэмтэд тэдгээрийг Ангарагтай өөр нэгэн сансрын биет мөргөлдсөний дараа үүссэн, эсвэл Ангарагийн татах хүчинд татагдан баригдсан солирууд гэсэн хоёр үндсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм. Энэхүү нууцыг тайлснаар Наранд хамгийн ойр орших дөрвөн чулуурхаг гараг дээр амьдрал бүрэлдэх таатай нөхцөл хэрхэн үүссэнийг тодорхой болгоход чухал хувь нэмэр оруулна.
Өдгөө их гүрнүүд Ангарагаас хөрсний дээж түрүүлж авчрахаар хүчтэй өрсөлдөж байгаа ч АНУ-ын дээж авчрах төслийг Трампын засаг захиргаа энэ оны нэгдүгээр сард түр зогсоогоод байна. Харин Хятад улс 2028 онд Тяньвэнь-3 хөлгөө хөөргөхөөр бэлтгэж буй бөгөөд дээжийг 2031 онд авчрахаар төлөвлөж байгаа нь Японы төлөвлөгөөтэй эн тэнцэх өрсөлдөөн болж байна.


