АНУ гэмт хэрэгт холбогдсон 40 хүний иргэншлийг цуцлахаар шүүхэд хандлаа

АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) тус улсын Хууль зүйн яамтай хамтран хүнд гэмт хэрэгт буруутгагдсан хэдэн арван хүний иргэншлийг цуцлах шүүхийн ажиллагааг эхлүүлэв. Энэхүү арга хэмжээ нь Трампын засаг захиргааны хугацаанд нэг дор хамгийн олон хүний эсрэг нэхэмжлэл гаргасан тохиолдол болж байна.

Шаардлагад дурдсанаар, тэдгээр иргэд гадаадын засгийн газрын талд тагнуул хийсэн, бусдын аминд хүрсэн, түүнчлэн онцгой асаргаа шаардлагатай иргэний эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг онц ноцтой гэмт хэрэгт холбогджээ. Шүүхэд гаргасан гомдлуудыг сүүлийн хоёр сарын хугацаанд шат дараатай бүртгүүлсэн байна.

АНУ-ын Цагаачлал, иргэншлийн тухай хуулийн дагуу тус улсын иргэн болсон хүн чухал баримтыг нуун дарагдуулсан, худал мэдүүлэг өгсөн эсвэл хууль бусаар иргэншил авсан нь тогтоогдвол иргэншил болон түүнийг батлах гэрчилгээг хүчингүй болгодог зохицуулалттай.

Хууль зүйн яамнаас гаргасан нэхэмжлэлд дурдсанаар дээрх этгээдүүд АНУ-ын иргэн болоход шаардагддаг ёс зүйн үндсэн шалгуурыг хангаагүй бөгөөд иргэншил олгох ярилцлагын үеэр үйлдсэн хэргээ USCIS-ийн ажилтнуудаас нуун дарагдуулжээ. Одоогоор эдгээр нь зөвхөн шүүхэд гаргасан албан ёсны гомдол бөгөөд гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байна.