Болгар улсын нийслэл Софи хотын ойролцоо байрлах Starlink сүлжээний антеннуудыг санаатайгаар сүйтгэсэн хэрэгт сэжиглэн Германы 19 настай хоёр иргэнийг баривчлах Европын баривчилгааны ордер гаргалаа. Прокуроруудын гаргасан хүсэлтийн дагуу Софи хотын шүүхээс сэжигтнүүдийг уг хэрэгт холбоотой гэж үзэх үндэслэлтэй баримтууд цугларсан хэмээн шийдвэрлэсэн байна.
Прокурорын мэдээлснээр Софи хотоос өмнө зүгт орших уулархаг бүсэд байрлах 18 антенны гурвыг нь бүрэн шатааж, хоёрыг нь хэсэгчлэн шатаасан бол өөр гурван төхөөрөмжийг эвдэж гэмтээжээ. Сэжигтнүүд 10 дугаар сарын 9-ний орой уг хэргийг үйлдсэн байна. Тэд Сербиэс Германы улсын дугаартай автомашинтай жуулчны нэрээр хил нэвтэрч, хэрэг гарсан цаг хугацаанд хэдхэн цаг болоод буцсан нь тогтоогджээ.
Болгарын дотоод тагнуулын алба (DANS)-ны тэргүүн Пламен Тончев уг үйлдлийг санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн урьдчилсан дүгнэлтээр шалгаж байгаа бөгөөд цаашид ийм халдлага дахин давтагдахыг үгүйсгэхгүйг мэдэгдлээ. Украин улс Оросын дайралтын эсрэг тулалдааны талбарт холбоо харилцаагаа хадгалахын тулд Starlink-ийн цэргийн зориулалттай Starshield сүлжээг ашиглаж байгаа юм.
Үүнээс долоо хоногийн өмнө Польшийн төв хэсэг дэх Starlink-ийн сансрын холбооны станцыг сүйтгэсэн хэргээр Германд нийт дөрвөн хүнийг саатуулжээ. Германы цагдаагийн байгууллага нутаг дэвсгэртээ оршин сууж байсан гурван эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилсны хоёр нь Туркийн иргэн байв. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск үүнийг эрлийз дайны ажиллагаа хэмээн нэрлэж, уг хорлон сүйтгэх оролдлогын ард Орос улс зогсож байгаа гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Литвийн Ерөнхий сайд Starlink хиймэл дагуулын төхөөрөмж байрладаг компанид гал тавихыг оролдсон явдлын ард Орос улс байх магадлалтай гэж мөн мэдэгджээ.


