Хүүхэд хүчирхийлсэн этгээдийн АНУ-ын иргэншлийг хүчингүй болгож, албадан гаргахаар шийдвэрлэв

АНУ-ын Хойд Каролина муж дахь холбооны шүүх цагаачлалын залилан хийсэн Либери улсын иргэн Сирил Домакуик Клеменсийн асуудлыг хэлэлцэж, есдүгээр сарын 17-ны өдөр шийдвэрээ гаргав. Шүүгч 72 настай Клеменст урьдчилан хоригдсон хугацааг ялд тооцох ял оноож, АНУ-ын иргэншлийг нь хүчингүй болгон өөрийн зардлаар нутаг буцахыг үүрэг болгосон байна.

Клеменс энэ оны зургаадугаар сарын 18-нд цагаачлалын асуулгад худал мэдүүлэг өгсөн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр 2021 оны хоёрдугаар сарын 19-нд АНУ-ын иргэн болохдоо бусдыг бэлгийн харилцаанд албадсан эсэх болон баривчлагдаагүй гэмт хэрэг үйлдсэн эсэх асуултад 'үгүй' гэж худал хариулсан нь тогтоогджээ.

Улмаар тэрээр 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Дурхам тойргийн шүүхэд хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан 3 зүйл ангиар ял шийтгүүлсэн байна. Тус шүүхээс түүнд 1 жил 4 сараас 2 жил 5 сар хүртэл хорих ял оноож, бэлгийн гэмт хэрэгтний бүртгэлд бүртгэжээ. Клеменс 4 настай байхаас нь эхлэн 2011 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 7 хүртэл 10 гаруй жилийн турш тухайн охиныг хүчирхийлж байснаа хүлээсэн байдаг.

Эдгээр гэмт хэргийг тэрээр иргэншил хүсэхээсээ өмнө үйлдсэн боловч баривчлагдаагүй байсан тул цагаачлалын алба урьдчилж мэдээгүй өнгөрчээ. Энэхүү хэргийг цагаачлалын эрх мэдлийг хууль бусаар авсан хүнд гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх 'False Haven' ажиллагааны хүрээнд Цагаачлал, гаалийн хяналтын алба болон USCIS хамтран мөрдөн шалгаж илрүүлсэн юм.