Казахстаны 'ShyraQ' нийгмийн үйлдвэрлэлийг үндэслэгч Сандугаш Бейсенбекова хоёр жилийн өмнө Астана хотод эртний Пазырыкийн хивсний хуулбарыг дэлгэж, казах үндэстний хивс нэхэх соёл XX зуунаас өмнө эхэлснийг баталж байв. Тэгвэл тэрээр энэ удаа төслөө өмнөд зүг рүү шилжүүлж, 'SHE RUG 02 – Alone Together' хэмээх хоёр дахь үзэсгэлэнгээ Шымкент хотод зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн энэ оны 11 дүгээр сарын 5-нд Тамерланы хурдны замын дагуу байрлах 'Orbis Auto/Zeekr' танхимд нээгдсэн бөгөөд 12 дугаар сарын 12-ныг хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.
Анх 2024 оны 10 дугаар сард Астанагийн 'Forte Kulanshi' арт орон зайд дэлгэгдсэн анхны үзэсгэлэн нь казах хивсний түүхийг Сакагийн соёл иргэншилтэй холбож байсан бол энэ удаагийн төсөл агуулгын хувьд өргөжжээ. Шымкент хотыг сонгосон нь учиртай бөгөөд 'ShyraQ' урлангийн нэхмэлчид хөрш зэргэлдээх Туркестан мужид амьдардаг юм. Тус төслийн хүрээнд хөдөө орон нутгийн 15 орчим эмэгтэйг жижиг нэхмэлийн сууриар хангаж, гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн тул энэхүү урлаг бүтээгдсэн өлгий нутагтаа эргэн ирсэн хэрэг болов. Түүнчлэн урлагийн галерей бус автомашины үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн нь оршин суугчдад урлагийг ер бусын орчинд тольдох боломжийг олгож байгааг 'Orbis Auto Shymkent'-ийн удирдлага онцоллоо.
'Alone Together' буюу 'Ганцаараа хамтдаа' хэмээх үзэл баримтлал нь цахим орчинд хэт холбогдсон орчин үеийн хүмүүс хоорондоо бодитоор ойр байж чадаж байгаа эсэхийг асууж байна. Энэхүү асуултын хариултыг нүүдэлчдийн ахуй амьдралаас хайжээ. Өмнөх цагт нүүдэлчид хаалгаа нээлттэй үлдээж, хөршүүдтэйгээ хоолоо хуваалцан, хамтдаа хөдөлмөрлөж, хивс нэхэх эрдмийг эмээгээс ач охидод өвлүүлэн үлдээдэг байв. Энэ жилийн үзэсгэлэнгийн сэдэвт түүхэн өвөөс гадна хиймэл оюун, эмэгтэйчүүдийн хөдөлмөр, хөдөөгийн амьжиргааны асуудлууд зэрэгцэн багтсан нь төсөл улам бүр өргөжиж буйг харуулж байна.
Үзэсгэлэнд олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид оролцож байна. Берлин болон Алматы хотын хооронд ажилладаг Төв Азийн нэрт зураач Алмагул Менлибаева, Сөүлд суурилсан Аянат Абайкызы нарын бүтээл тавигдсанаас гадна 2024 оны эхний үзэсгэлэнд Гагауз үндэстний хивсний хээг тусгасан Наталия Карагоз, уран бүтээлч Алибай Бапанов, Ботагоз Толеш, Наталия Баженова нар дахин нэгджээ. Мөн Айгул Кырыкбаева, Бауыржан Досжан, Гулжахан Онгарова, Малик Флобер, хувийн таван цуглуулагчийн ховор хивснүүд үзэсгэлэнгийн танхимыг чимж байна.
Энэхүү төсөл нь уламжлалт ойлголтоос гадна эмэгтэйчүүдийн үнэлэгдээгүй хөдөлмөрийг бодитоор үнэлүүлэх зорилготой юм. Казах түмэн сирмак гэх эсгий ширдгийг илүү мэддэг бөгөөд нэхмэл хивсийг урлахад бүтэн жилийн хугацаа шаардагддаг тул одоо цөөн хүн хийдэг байна. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны эдийн засагч асан, докторын зэрэгтэй Бейсенбекова 2023 онд 'ShyraQ' нийгмийн үйлдвэрлэлийг байгуулахдаа энэ өвийг бүтээлч эдийн засгийн хүчирхэг салбар, хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлжээ. Эмэгтэйчүүдийн мэдлэг чадварыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хөдөөгийн иргэдэд санхүүгийн бие даасан байдал авчирна гэж тэрээр үзэж байна.
Төслийн эрдэм шинжилгээний түншээр Шымкент хотын Өзбекали Жанибековын нэрэмжит их сургууль ажиллаж байна. Тус сургуулийн ерөнхийлөгч Кайрат Балабиев соёлын өвийг хамгаалах нь зөвхөн уламжлалыг баримтжуулаад зогсохгүй, бүтээлч чадвартай залуу үеийг бэлтгэх шаардлагатайг санууллаа. Төслийг үүсгэн байгуулагч Бейсенбекова цаашид 'SHE RUG' нэхмэлийн үзэсгэлэнг Их Британи болон Франц улсуудад дэлгэн танилцуулах зорилго тавин ажиллаж байна.


