АНУ-ын Луизиана мужийн Шинэ Орлеан хотын зогсоолд байсан аяллын хөлөг онгоц ачааны онгоцтой мөргөлдсөний дараа 130 орчим хүнийг аварчээ. 'American Heritage' нэртэй голын аяллын хөлгийг 'Atlantic Asphalt' ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас Миссисипи мөрөнд хажуугаараа унасан байна.
Ослын улмаас хөлөг дээр байсан 32 хүн амь насанд аюулгүй гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч сураггүй алга болсон хүн байхгүй байгааг албаныхан онцоллоо. Шинэ Орлеан хотын захирагч Хелена Морено хэвлэлийн хурал дээр 'Нэг ч хүн сураггүй болоогүй нь жинхэнэ утгаараа Миссисипийн гайхамшиг юм' хэмээн онцолж, шуурхай ажилласан аврагчдад талархал илэрхийлэв.
Шинэ Орлеан боомтын дарга Мелани Монтроллын мэдэгдсэнээр, баасан гарагийн 13:30 цагийн орчимд (Гринвичийн цагаар 18:30) ослын тухай анхны дуудлага иржээ. Хөлөг онгоцонд ус орж, хажуу тийш хазайж эхлэх үед ойролцоо байсан хүмүүс болон чирэгч онгоцны багийнхан зорчигчдыг буулгахад шууд тусалсан байна. Ослын үеэр 'American Heritage' хөлөг дээр 129 орчим зорчигч болон багийн гишүүд байжээ.
АНУ-ын Эргийн хамгаалалтын ахмад Мелани Бернхамын урьдчилсан байдлаар мэдээлснээр хөлгийн жолоодлого алдагдсан байж болзошгүй бөгөөд ослын нарийн шалтгааныг шалгаж байна. Тус мужийн захирагч Жефф Лэндри ослын шалтгааныг нарийвчлан тогтооно гэдгээ мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Дотоодын аюулгүй байдлын сайд Марквейн Маллин нар аврах ажиллагааг өндрөөр үнэлжээ.
'American Cruise Lines' компанийн ажиллуулдаг, 2015 онд бүтээгдсэн уг дугуйт усан онгоц нь Луизиана болон Миссисипи мужуудаар найман өдрийн аяллаа дуусгаж байх үед уг осол гарчээ. Эрлийн болон аврах ажиллагааны улмаас Миссисипи мөрний тухайн хэсгийн хөдөлгөөнийг түр хаасан байна.


