Миний тохиргоо

Казахстаны Астана, Алматы хотод соёл, урлагийн арга хэмжээнүүд эхэллээ

Өвлийн улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Казахстаны нийслэл Астана болон Алматы хотод урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Астана хотын Улы Дала өргөн чөлөөний 43 дугаар хаягт байрлах 'Astana Ballet' театрт 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Иржи Килианы 'Fallen Angels' болон Морис Равелийн алдарт зохиолоос сэдэвлэсэн 'Bolero X' балетыг 50 орчим бүжигчний бүрэлдэхүүнтэйгээр толилуулна. Түүнчлэн Конаевын гудамжны 1 дүгээр хаяг дахь 'Astana Opera' театрт 11 дүгээр сарын 14-нд Казахстаны болон олон улсын хөгжмийн зохиолчдын лимбэний уран бүтээлийн сонгодог тоглолт болох юм.

Мөн Мэнгэлик Ел өргөн чөлөөний 10/1 хаягт орших 'Qazaqconcert' төвд 11 дүгээр сарын 15-нд кино урлагийн алдартай аялгуунуудыг симфони найрал хөгжим, найрал дуучид хамтран тайзнаа амилуулна. Харин Абайн өргөн чөлөөний 8 дугаар хаягт орших мультимедиа музейд Нидерландын зураач Иероним Босхын бүтээлийг орчин үеийн технологиор харуулсан үзэсгэлэн 11 дүгээр сарын 14-нөөс ирэх нэгдүгээр сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Алматы хотын хувьд Калдаяковын гудамжны 35 дугаар хаягт 11 дүгээр сарын 14, 15-нд Италийн нэрт тенор дуучин Андреа Бочеллигийн шилдэг уран бүтээлүүдийг эгшиглүүлэхээр болжээ. Үүний сацуу Кабанбай батырын гудамжны 110 дугаар байранд орших Абайн нэрэмжит дуурь, бүжгийн эрдмийн театрт Борис Эйфманы дэглэсэн 'Анна Каренина' балет 11 дүгээр сарын 15-нд тоглогдоно. Мөн Абайн өргөн чөлөөний 117 дугаар хаягт байрлах театрт Британийн зохиолч Ричард Шериданы 'The Duenna' инээдмийн жүжиг тавигдах хуваарьтай байна.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж