АНУ-ын агаарын хөдөлгөөнийг зохицуулах системд ноцтой саатал гарсны улмаас улс даяар бүх нислэгийг түр зогсоож, 11,000 гаруй нислэг цуцлагдах буюу хойшлогдлоо. Үүсээд буй эмх замбараагүй байдлын улмаас олон мянган зорчигч, тэр дундаа Австралийн олон тооны жуулчид АНУ-ын томоохон нисэх буудлуудад гацсан байна. Тус улсын Холбооны нисэхийн захиргаа (FAA) онцгой нөхцөл байдал үүссэн, аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэсэн шалтгаанаар бүх нислэгийг газардуулах шийдвэр гаргажээ.
АНУ даяар нислэгүүдийг хөөрөхийг хориглосон шийдвэр таван цаг гаруй үргэлжилсний эцэст цуцлагдсан ч үүссэн ачааллыг арилгахад хугацаа шаардагдахыг агаарын тээврийн компаниуд сануулж байна. Тухайлбал, Австралийн Сидней хотын нисэх буудал бямба гаргийн өглөө түр зогсоосон АНУ чиглэлийн нислэгүүдээ дахин сэргээж буйг мэдэгдээд, зорчигчдод нислэгийн компаниудтайгаа холбогдохыг уриалав. Дэлхийн хэмжээнд сүлжээ саатаж, Нью-Йоркийн JFK, Лос-Анжелес болон Сан-Диего зэрэг томоохон нисэх буудлуудад хэдэн зуун метрийн урт дараалал үүссэн байна.
Энэхүү сааталд орон нутгийн болон олон улсын зорчигчид өртөж, аяллын төлөвлөгөө нь нуржээ. Тухайлбал, Өмнөд Австралийн Аделайд хотын иргэн Триш Крабб нөхрийн хамт JFK нисэх буудлаас Майами руу далайн аялалд явах гэж байсан Delta компанийн нислэг нь цуцлагдсан тул буудлын ойролцоо хоноглох газар хайж буйгаа хэлсэн байна. Мөн Виктория мужийн иргэн Ривка Браун Сан-Диего хотоос Лас-Вегас руу сүйт залуутайгаа уулзахаар нисэх гэж байгаад саатсан тул 10 орчим цаг автобусаар явахаар шийдвэрлэжээ.
АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи энэхүү асуудал нь агаарын замын хөдөлгөөнийг хянадаг бүх төвүүдийг хамарсан бөгөөд техникийн мэргэжилтнүүд шалтгааныг нь судалж байгааг мэдэгдлээ. Дотоодын аюулгүй байдлын сайд Марквэйн Маллин урьдчилсан байдлаар харилцаа холбооны доголдол гарсан гэж тодорхойлсон бөгөөд халдлагын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэв. Уг саатал нь орон даяарх 22 бүсийн хяналтын төвийг бүхэлд нь хамарчээ.
Баасан гаргийн үдээс хойш тус улсын нисэх буудлуудаас 1.5 сая гаруй зорчигч тээвэрлэх 11,000 нислэг хуваарийн дагуу үйлдэгдэх ёстой байв. Хязгаарлалтын үеэр агаарт хэдийнэ хөөрсөн байсан онгоцуудыг очих газарт нь аюулгүй газардуулсан бөгөөд хамгийн багадаа 600 нислэгийн чиглэлийг өөрчилж, заримыг нь хөөрсөн буудалд нь буцаажээ. Энэ нь 2023 оны нэгдүгээр сараас хойш тохиолдсон анхны орон даяар нислэг зогсоосон хэрэг явдал бөгөөд 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойших хоёр дахь томоохон зогсолт болов.
Австралийн Аяллын салбарын холбоо (ATIA) болон Засгийн газрын SmartTraveller хуудаснаас ирэх 72 цагийн дотор нисэх хуваарьтай австраличуудад агаарын тээврийн байгууллага, тасалбар захиалгын агентлагтайгаа яаралтай холбогдохыг анхааруулав. Нөхцөл байдал төвөгтэй байгаа ч компаниуд ачааллыг даван туулахаар ажиллаж буй бөгөөд холын хугацааны нислэгтэй иргэдийг яаралтай тохиолдлуудад боломж олгож, хүлээцтэй хандахыг хүсжээ.


