АНУ-ын эрх баригчид Европ, АНУ дахь еврей иргэдийн нийгэмлэгүүд болон Их Британийн Хааны Агаарын хүчний Фэйрфорд бааз руу нийт 20 орчим халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэрэгт холбогдуулан гурван хүнийг буруутгав. Манхэттэний холбооны шүүхэд танилцуулсан шинэчилсэн яллах дүгнэлтэд Иран-Иракийн давхар иргэншилтэй нэг хүн, мөн Иран, Иракийн хоёр иргэнийг дурджээ. Одоогоор зөвхөн давхар иргэншилтэй сэжигтэн нь АНУ-д саатуулагдаад байна.
АНУ-ын прокурор Жэйми МакДональд шүүгдэгчдийг Ирантай холбоотой алан хядах байгууллагуудын өмнөөс айлган сүрдүүлэх ажиллагаа зохион байгуулсан гэж мэдэгдэв. Тэдгээрийн дунд Ираны Лалын хувьсгалт гвард болон Иракийн зэвсэгт 'Катаиб Хезболла' бүлэглэл багтаж байгаа бөгөөд хоёуланг нь АНУ алан хядах байгууллагын жагсаалтад оруулсан юм. АНУ-д хоригдож буй сэжигтнийг прокурорууд 'Катаиб Хезболла' бүлэглэлийн командлагч гэж тодорхойлжээ.
Мөрдөн байцаалтын явцад тус командлагч шоронгоос хамаатан садандаа нууц кодтой зурвас илгээж, халдлага үйлдэх хүмүүст мөнгө шилжүүлэх ажлыг зохион байгуулсан нь илэрсэн байна. Тэрбээр өнгөрсөн хавар баривчлагдаж, зургаадугаар сард шүүх хуралд оролцохдоо өөрийгөө 'дайны хоригдол' хэмээн мэдэгдэж, Европт 18 халдлага төлөвлөсөн гэх хэргийг үгүйсгэж байв. Мөн тэрбээр АНУ-ын хорих ангиас Их Британи дахь Фэйрфорд баазын эсрэг ажиллагааг удирдан чиглүүлсэн гэж буруутгагдаж байна.
Их Британийн Фэйрфорд баазыг АНУ өмнө нь Ираны эсрэг ажиллагаанд ашиглаж байсан бөгөөд есдүгээр сарын сүүлээр тус цэргийн байгууламжийн ойролцоо сэжигтэй тээврийн хэрэгслүүд үзэгдсэн тул аюулгүй байдлын хүрээ тогтоон, орон сууцнуудыг нүүлгэн шилжүүлж, тэсрэх бөмбөг аюулгүй болгох анги илгээн таван хүнийг баривчилж байжээ. Энэхүү явдлын дараа АНУ тус баазаас бөмбөгдөгч онгоцуудаа эргүүлэн татсан юм.
Их Британийн эрх баригчид ч Фэйрфордын хэргийг Тегерантай холбосон боловч Ираны тал үүнийг няцаасан байдаг. Түүнчлэн Британийн прокурорууд аравдугаар сард Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд 24 настай хоёр залууд ял тулгасан бөгөөд тэдний нэгийг Ираны тагнуулын албанд тусалсан, нөгөөхийг нь наймдугаар сард Фэйрфорд баазад хууль бусаар нэвтрэн тандалт хийсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна.


