Иракт хүчтэй аадар бороо орж үер буув
Иракийн хойд нутаг болон хөрш зэргэлдээ Иран улсын зарим бүсээр бямба гарагт хүчтэй аянга цахилгаантай аадар бороо оров. Үүний улмаас гэнэтийн үер бууж, Иракийн Эрбиль хотын орон сууц, худалдааны барилгууд ихээхэн сүйдэж хоёр хүн амиа алдлаа. Тус хотод урьдчилсан таамгаар 30 мм хур тунадас орох төлөвтэй байсан ч бодит байдал дээр 80 мм орж, зам талбай усанд автжээ.
Европт 'Бруна' шуурга хүчтэй салхи дагуулав
Европын баруун эрэгт 'Бруна' нэртэй шуурга ойртож байгаа тул Португалын баруун эрэг дагуу цагт 80 км хүртэл хүчтэй салхи салхилах төлөвтэй байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд тус бүс нутагт орох хур тунадасны нийт хэмжээ 200 мм-т хүрэх магадлалтайг цаг уурчид анхааруулав. Тус шуурга өмнө нь Канарын арлуудыг дайрсан бөгөөд бямба гарагийн шөнө Тенерифе аралд салхины хурд цагт 128 км буюу 80 мильд хүрсэн байна.
Японд хүйтний эрч чангарч их хэмжээний цас орно
Япон улсад өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хүйтний эрч чангарч, Хоккайдо болон Хоншю арлын уулархаг бүсээр үргэлжлэн цас орох төлөв ажиглагдаж байна. Хоккайдо мужийн Саппоро хотод агаарын температур олон жилийн дунджаас 10 хэмээр буурч, даваа болон лхагва гарагт өдрийн дулаан 4-6C орчим байх бол мягмар гарагт 0C-аас дээшлэхгүй. Шөнөдөө Саппоро хотод агаарын хэм -6C, Хоккайдогийн баруун бүсэд -8C хүртэл хүйтэрч, цанын баазуудад 20-50 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтохоор байна.
Номхон далай дахь Эль Ниньо үзэгдэл Перуд нөлөөлөв
Экваторын Номхон далайд Эль Ниньо үзэгдлийн нөлөөгөөр аравдугаар сарын сүүлчээр далайн гадаргын температур олон жилийн дунджаас ойролцоогоор 3.5C-аар дулаарчээ. Үүнээс үүдэн Перу улсад агаарын температур улирлын дунджаас 5-10 хэмээр хэт халж байгаа бөгөөд энэхүү ер бусын дулаан цаг агаар ирэх долоо хоногт ч үргэлжлэх төлөвтэй байна.


