Миний тохиргоо

Египетийн сэтгүүлч Лина Атталах хоригдох эрсдэлтэй тулгарав

Египетийн хараат бус 'Мада Маср' хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхий редактор Лина Атталах лхагва гарагт эрүүгийн шүүхэд дуудагдаж, хорих ял сонсож болзошгүй болов. Түүнийг 2024 онд эзгүйд нь шүүж, тусгай зөвшөөрөлгүй мэдээллийн сайт ажиллуулсан болон худал мэдээ тараасан хэргээр нэг жилийн хорих ял оноосон байсныг дахин хэлэлцэж эхэллээ. Египетийн эрх баригчид сөрөг хүчнийхэн болон бие даасан сэтгүүлчдэд ийм үндэслэлээр хэрэг үүсгэдэг нийтлэг практиктай юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албаны төлөөлөгч Тамин Аль-Хитан сэтгүүлчийг шүүж байгаа нь хууль ёсны шударга үйл явцад эргэлзээ төрүүлж байгааг онцлов. Түүнчлэн НҮБ Египет дэх хэвлэлийн эрх чөлөө рүү чиглэсэн дайралт өргөжиж, хараат бус сурвалжлагчдыг онилох болон дарамтлах явдал гаарсныг мягмар гарагт шүүмжиллээ. Атталах өмнөх эзгүйд нь оноосон шийдвэрийг өнгөрсөн сард өөр зөрчлийн хэргээр саатуулагдаад суллагдах үедээ л анх мэдсэн байна. Тухайн зөрчлийн шүүхээс түүнд 3 сая египет фунт буюу 56000 орчим ам.долларын торгууль ногдуулаад байв.

Өнгөрсөн шүүх хурлаар Каирын шүүх арав гаруй жилийн турш дарамт шахалтыг тэсвэрлэн ажилласан 'Мада Маср' агентлагийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох шийдвэр гаргажээ. Франц Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа Атталах эрх баригчид хараат бус хэвлэлийн орон зайг улам хумьж, зөвхөн нам гүм байдлыг үлдээхийг зорьж байна хэмээн өгүүлэв. Тэрбээр албан ёсны зөвшөөрөл авахаар найман жилийн турш удаа дараа хүсэлт гаргасан боловч засгийн газраас ямар ч хариу өгөөгүй бөгөөд зөвшөөрөл олгох тогтолцоо нь шахалт үзүүлэх зэвсэг болсныг дурджээ.

Египетийн хүний эрхийн төлөв байдал улам дордож байгааг олон улсын 135 байгууллага болон АНУ, ЕХ зэрэг улсууд хурцаар шүүмжилсээр байна. Тухайлбал өнгөрсөн есдүгээр сард баримт шалгах 'Мацадааш' төвийн бүх сэтгүүлчдийг баривчилсан нь хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татсан юм. Сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ) Египетийн талд хандан 'Мада Маср' сайтын хаалтыг цуцалж, сэтгүүлчдийн эрхийг хамгаалахыг шаардсан бөгөөд уг асуудлыг ЕХ-ны хэлэлцээрийн гол сэдэв болгохыг уриалав.

France 24France 24 · Эх сурвалж