Миний тохиргоо

Казахстан 2028 оноос эрчим хүчний илүүдэлтэй орон болно

Казахстан улс 2028 оноос эрчим хүчний хомсдолоос бүрэн гарч, илүүдэл үйлдвэрлэлтэй болох төлөвтэй байна. Тодруулбал, тус улсын цахилгаан үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал 2029 он гэхэд 2.8 гигаватт, харин 2035 он гэхэд ойролцоогоор 5 гигаваттад хүрнэ гэж 'KEGOC' төрийн өмчит компанийн Удирдах зөвлөлийн дарга Наби Айтжанов 11 дүгээр сарын 10-нд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр 'Дата төвийн хөндий' зэрэг эрчим хүч ихээр шаардсан томоохон төслүүдийг эхлүүлсэн ч улс орон даяар цахилгааны илүүдэл хадгалагдсан хэвээр байхыг онцолсон юм.

Өсөн нэмэгдэж буй дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд Казахстан улс 2035 он гэхэд 26 гигаваттаас давсан шинэ хүчин чадлыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү зорилтын хүрээнд цөмийн эрчим хүч болон цэвэр нүүрсний үйлдвэрлэлийг гол тэргүүлэх чиглэл болгон тодорхойлжээ. Тус улсын дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх асуудлыг Ерөнхий сайд Олжас Бектеновын даргалсан Засгийн газрын хуралдаанаар нарийвчлан хэлэлцэж, одоо байгаа цахилгаан станц, дулааны сүлжээг сайжруулах, салбарын боловсон хүчний дутагдлыг шийдвэрлэх арга замыг авч үзэв.

Эрчим хүчний сайд Ерлан Аккенженов Засгийн газрын хуралдаанд мэдээлэхдээ, хэрэглэгчдийг цахилгаан болон дулаанаар найдвартай хангаж, өвлийн улирлын бэлтгэл бүрэн хангагдсаныг дурдлаа. Түүний хэлснээр урсгал засварын санхүүжилт дунджаар 27 хувиар өссөн байна. Үүний үр дүнд цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийн элэгдэл 52 хувь, цахилгаан дамжуулах сүлжээнийх 65.7 хувь, дулааны шугам сүлжээнийх 48 хувь болж тус тус буурчээ. Түүнчлэн технологийн доголдол өмнөх онтой харьцуулахад дунджаар зургаан хувиар багассан байна.

Ерөнхий сайд Бектенов шинэ станцуудыг барихын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч, шугам сүлжээг шинэчлэх шаардлагатайг сануулав. Үүний зэрэгцээ цөмийн эрчим хүчний хөгжилтэй уялдуулан мэргэшсэн хүний нөөц бэлтгэх нь чухал болохыг цохон тэмдэглэв. Энэ хүрээнд Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Боловсролын яам болон Эрчим хүчний яам орон нутгийн захиргаадтай хамтран эрчим хүч, орон сууц-нийтийн аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн хомсдолыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар болжээ.

Түүнчлэн 'Самрук-Энерго' компанийн Удирдах зөвлөлийн дарга Ансар Айдаровын мэдээлснээр, Экибастузын ГРЭС-2 станцын гурав, дөрөвдүгээр блокийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Гуравдугаар блокийг 2028 онд, харин дөрөвдүгээр хэсгийг 2030 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор тус талбайд 450 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд зуухны тоног төхөөрөмж хүргэгдэж эхэлсэн, харин турбины төхөөрөмж ирэх оны эхээр ирж, 2027 онд угсрагдах юм.

Мөн тус улс гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд энэ жил 19 гал түймрийн анги шинээр байгуулж, 160 гаруй тусгай зориулалтын автомашин, 1,500 орчим төхөөрөмж худалдан авчээ. Үүнээс гадна гэр хороолол, орон сууцны галын аюулыг бууруулах 'Тумар 112' дижитал системийг Абай мужид туршиж байгаа бөгөөд уг системийг цаашид бусад бүс нутагт нэвтрүүлэхээр зорьж байгааг Онцгой байдлын сайд Мурат Муханов мэдээллээ.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж