Украины дайныг зогсоох зорилготой Украин, Орос, АНУ-ын гурван талт хэлэлцээний эхний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо өндөрлөлөө. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтын дараа Киевийн болон Москвагийн албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ч уулзалтад биечлэн оролцоогүй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский яриа хэлэлцээг 'бүтээлч, агуулга сайтай' болсныг онцлов. Түүнчлэн Парис хотод ажиллаж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг уулзалтыг 'маш үр дүнтэй' болсон хэмээн мэдэгдсэн байна.
Хэлэлцээг нээж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер үг хэлэхдээ талуудын байр суурийн зөрүүг ойртуулж чадсан бөгөөд дайныг дуусгах шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Уулзалтын гол цөм нь дайны дараах Орос, Украины аюулгүй байдлын асуудалд чиглэсэн бөгөөд олзлогсдыг солилцох зэрэг хүмүүнлэгийн сэдвийг мөн хөндсөн байна. Түүнчлэн Жаред Кушнер болон Трампын энхийн элч Стив Виткофф нар үндсэн уулзалтын хажуугаар Украин, Европ болон НАТО-гийн албаныхантай тусдаа уулзалт хийжээ.
Европын орнууд тив нутгийнх нь аюулгүй байдлын асуудлыг тэдэнгүйгээр шийдэх вий гэж болгоомжилж, хэлэлцээнд оролцох эрмэлзэлтэй байгааг АНУ дэмжиж байна. Гэсэн хэдий ч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нөхцөл болзолгүй гал зогсоох Европын саналыг эрс эсэргүүцэж, түр эвлэрэл нь Киевт хүчээ сэлбэх боломж олгоно гэж мэдэгдэв. Талуудын хамгийн том санал зөрөлдөөн Донецк мужийн хяналтын асуудал дээр байгаа юм. Москва Донецкийн үлдсэн хэсгийг өөртөө өгөхийг шаардаж буй бол Киев фронтын шугамыг царцааж, өөрийн хяналтад байгаа нутаг дэвсгэрээ хадгалах байр суурь баримталж байна.
Хэдийгээр олон нийтэд зарласан байр суурь зөрүүтэй байгаа ч талууд дайны дараах бүс нутгийн хяналтын асуудлаар хаалттай хүрээнд уян хатан хандаж эхэлснийг Америкийн албаны эх сурвалж дурдлаа. Гэсэн хэдий ч ирээдүйн аюулгүй байдлын бүтэц тодорхой болохоос нааш нутаг дэвсгэрийн асуудал бүрэн шийдэгдэхгүйг онцолсон юм. Уг бүтэц нь зөвлөлдөх механизм, шуурхай холбооны шугам, харилцан хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ болон 2022 оноос хойш зогссон НАТО-Оросын зөвлөлийн үйл ажиллагааг сэргээх саналуудыг багтааж байна.
Хоёрдугаар сард Женевт болсон гурван талт хэлэлцээ үр дүнгүй өндөрлөснөөс хойш энэ түвшний уулзалт анх удаа зохион байгуулагдаж байна. Украины талд АНУ-ын байр суурь, ялангуяа Трампын хурдан хугацаанд тохиролцоонд хүрэх гэсэн шахалт болгоомжлол дагуулсаар байна. Дээд хэмжээний албаны төлөөлөгчид оролцсон Абу Дабигийн хэлэлцээ лхагва гарагт үргэлжилнэ.


