Их Британийн терроризмтой тэмцэх албаныхан ОХУ-тай сэжигтэй холбоо тогтоосон хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын армийн албан хаагчийг баривчилжээ. Энэхүү ажиллагааг АНУ-ын эрх баригчид, тус улсын арми болон Холбооны мөрдөх товчоотой (ФБТ) нягт хамтран гүйцэтгэсэн тухай Лондон хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
АНУ-ын армийн сөрөг тагнуулын командлалын мэдээлснээр уг хэрэгт 'ахлах цэрэг' холбогджээ. Британийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 1 болон 3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр 41 настай эрэгтэйг Глостер хотын ойролцоо мягмар гарагт баривчилж, улмаар Лондон хотын цагдаагийн газарт саатуулаад байна. Мөрдөн байцаалтын хүрээнд Глостершир дэх хоёр байршилд нэгжлэг хийсэн гэж албаныхан мэдээлэв.
БиБиСи агентлагийн мэдээлснээр уг цэрэг НАТО-гийн шуурхай хариу арга хэмжээ авах хүчний төв байр байрладаг Иннсворт дахь 'Имжин' цэргийн хуаранд алба хааж байжээ. Их Британийн терроризмтой тэмцэх байгууллага уг хэргийг одоогоор үргэлжилж буй бусад мөрдлөгтэй огт холбоогүй болохыг тодотгосон байна.
ФБТ-ны дарга Каш Пател мэдэгдэхдээ, уг баривчилгаа нь АНУ болон түүний холбоотнуудын анхаарлын төвд байдаг тагнуулын хэрэгтэй шууд холбоотойг онцоллоо. Тэрбээр 'АНУ-д өгсөн тангаргаа зөрчиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэнтэй ч үл тэвчих зарчмаар хандана' хэмээн мэдэгдээд, сүүлийн 21 сарын хугацаанд ФБТ сөрөг тагнуул, тагнуулын хэргээр 167 баривчилгаа хийсэн нь өмнөх үеэс 53 хувиар өссөн үзүүлэлт болохыг дурджээ.
АНУ-ын армийн сөрөг тагнуулын командлалын тэргүүн, бригадын генерал Шон Стинчон нууц мэдээлэл хариуцаж байсан ахлах цэргийн уг үйлдлийг 'дотоод аюул бодитой бөгөөд байнгын заналхийлэл хэвээр байгааг сануулсан үйл явдал' гэж дүгнэсэн байна. Их Британи болон АНУ-ын хууль сахиулах байгууллагууд цаашид ч үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.


