Казахстаны засгийн газар 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийнхөө ард түмэндээ хандаж тавьсан илгээлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Ерөнхий сайд Олжас Бектеновын даргалсан тус хуралдаанаар 2029 оныг дуустал нийт 12 салбарын 96 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтож, Үндэсний сангаас 6.5 их наяд тенге буюу 14.3 тэрбум ам.доллар хуваарилахаар шийдвэрлэв. Ерөнхий сайдын орлогч бөгөөд Үндэсний эдийн засгийн сайд Серик Жумангарины танилцуулснаар, уг санхүүжилт нь дэд бүтэц, орон сууцны бүтээн байгуулалт, нийтийн аж ахуйн шинэчлэл болон хүн амыг цэвэр ус, байгалийн хийгээр хангах төслүүдэд зарцуулагдана. Түүнчлэн дотоодын барилгын материал, тоног төхөөрөмжийг түлхүү ашиглах зорилготой 'Халыктык курылыс' дэд бүтцийн хөтөлбөрийг эхлүүлэхээр болжээ.
Тээвэр, логистикийн салбарт томоохон өргөтгөл хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2027 оны 5 дугаар сар гэхэд Зайсан, Катон-Карагай, Кендерли хотуудад шинэ нисэх буудал ашиглалтад оруулахаар товлолоо. Мөн 2027 оны 6 дугаар сард Астана хотын шинэ нисэх буудлын барилгын ажил эхлэх бол тус оны эцэс гэхэд Бахты-Аягөз чиглэлийн төмөр замын барилгыг бүрэн дуусгана. Үүнээс гадна Арал-Каспи, Хөхчетав-Петропавловск зэрэг улсын болон бүс нутгийн авто замуудыг шинэчлэх ажил үргэлжлэх бөгөөд авто замын хилийн боомтуудын шинэчлэлийг гүйцэтгэж, тээврийн ухаалаг системд суурилсан цахим баримт бичгийн горимд шилжүүлэх юм.
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хүрээнд дулааны шинэ цахилгаан станцуудыг барих, хуучин байгууламжуудыг шинэчлэх, нүүрсээр ажиллах хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан дамжуулах шугам сүлжээг сайжруулах ажлууд хийгдэнэ. Түүнчлэн улсын нэгдсэн эрчим хүчний тэнцвэрийг 2035 он хүртэл шинэчлэн тооцохоор төлөвлөжээ. Стратегийн ач холбогдол бүхий ураны улсын нөөцийг 2027 оны сүүл гэхэд бүрдүүлж, Мойынкумын атомын цахилгаан станцын асуудлаар засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахаар бэлтгэж байна. Критикал эрдэс баялгийн нөөцийг удирдах үндэсний тогтолцоог 2026 оны эцсээр ашиглалтад оруулж, 2027 он гэхэд аж үйлдвэр, технологийн хөгжлийг дэмжих шинэ механизмыг хэрэгжүүлэх аж.
Хөдөө аж ахуй, усны нөөцийн менежментийн чиглэлээр мал аж ахуй болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах салбарт урт хугацааны санхүүжилт олгож, дотоодын трактор, комбайн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Ирэх оноос эхлэн бүх тариаланч, үйлдвэрлэгчдэд агро-логистикийн төвүүдийн дэд бүтцийг тэгш хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ гэдгийг сайд Серик Жумангарин онцоллоо. Мөн усны нөөцийн үндэсний мэдээллийн нэгдсэн системийг 2027 оны 3 дугаар сар гэхэд дуусгавар болгохоор ажиллаж байна.
Нийгмийн халамж, цалингийн бодлогын хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн 85 мянган тенгегээс 110 мянган тенге буюу 188 ам.доллароос 243 ам.доллар болгон нэмэгдүүлнэ. Орон нутгийн эмнэлгүүдийн анхан шатны эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн цалинг ажилласан жил болон ажлын ачааллыг харгалзан нэмэгдэл хэлбэрээр өсгөхөөр шийдвэрлэлээ. Өрхийн сайн сайхан байдлыг цахим хэлбэрээр үнэлэх туршилтын төслийг 2026 оны сүүлээр бүрэн хэрэгжүүлж дуусахын сацуу халамжийн тусламжийг зөвхөн хэрэгцээнд нь тулгуурлан олгох шинэ тогтолцоог иргэдэд таниулах ажлыг өрнүүлнэ.
Боловсролын салбарт тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг бага насанд нь илрүүлэх системийг 2027 оны эцэс гэхэд бүрэн боловсруулж дуусахаар тусгалаа. Мөн багш, сурган хүмүүжүүлэгчдийн захиргааны ажлын дарамтыг багасгахын тулд цахим платформ, мэдээллийн системүүдээр шаарддаг тайлангийн тоог цөөлөхөөр төлөвлөжээ. Ингэснээр төрийн үйлчилгээ болон нийгмийн салбарын бүтээн байгуулалтын чанарыг шинэ түвшинд гаргахаар зорьж байна.


