Казахстан улс визгүй зорчих эрхтэй гадаадын иргэдийн аяллын цахим зөвшөөрлийг шалгах ажлыг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хилийн таван боомтод эхлүүлэхээр боллоо. Энэ нь тус улс даяар хэрэгжих QazETA системийн эхний шат бөгөөд 2027 оны долоодугаар сарын 1 гэхэд бүх нийтээр заавал мөрдөх журамд шилжих юм. Эхний ээлжид Мангистау мужийн Актау олон улсын нисэх онгоцны буудал болон авто замын дөрвөн боомт болох Павлодар мужийн Урлютобе, Жамбыл мужийн Аухатты, Туркестан мужийн Атамекен, Жетisu мужийн Нурлы Жол шалган нэвтрүүлэх цэгүүдэд уг системийг нэвтрүүлнэ.
Засгийн газрын аравдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан цагаачлалын хяналт болон гадаадын иргэдийн зорчих журмын дагуу шинэ системийг эхэндээ сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлнэ. Найман сарын шилжилтийн хугацаанд зорчигчид урьдчилсан зөвшөөрөлгүйгээр хил нэвтрэх боломжтой бөгөөд хилийн алба хаагчид тэдэнд шинэ шаардлагын талаар мэдээлэл өгөх юм. Харин 2027 оны нэгдүгээр сарын 1 гэхэд шалгалтыг Астана болон Алматы хотын олон улсын нисэх буудлуудад өргөтгөж, гуравдугаар сарын 1 гэхэд бусад бүх боомтыг хамруулахаар төлөвлөжээ. Улмаар 2027 оны долоодугаар сараас цахим зөвшөөрөл аваагүй тохиолдолд тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл бүрдэнэ.
Казахстаны Гадаад хэргийн яамны мэдээлснээр уг зохицуулалт нь визгүй зорчих эрхтэй 85 орны иргэд, түүний дотор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудын иргэдэд хамаарна. Шинэ систем нь одоо мөрдөж буй визгүй зорчих хугацаанд нөлөөлөхгүй бөгөөд ихэнх орны иргэд 180 хоногийн хугацаанд дээд тал нь 90 хоног, нэг удаадаа 30 хүртэл хоног байх журам хэвээр үлдэнэ. Харин Туркийн иргэд 90 хоног, Энэтхэг болон Ираны иргэд нэг удаад 14 хоног зорчих тусгай хязгаарлалт хэвээр мөрдөгдөх юм.
Дүрэмд нийт 29 ангиллын иргэнийг QazETA зөвшөөрөл авахаас чөлөөлөхөөр тусгажээ. Үүнд 16 хүртэлх насны хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд, хүчинтэй виз эсвэл оршин суух зөвшөөрөлтэй иргэд багтаж байна. Түүнчлэн дүрвэгсэд болон орогнол хүсэгч, албан ёсны төлөөлөгчид, дипломат паспорт эзэмшигчид, нисэх онгоцны буудлын транзит бүсээс гарахгүй зорчигчид, олон улсын ачаа тээвэр, автобусны жолооч нар болон хүмүүнлэгийн, авран туслах багийн бүрэлдэхүүн энэхүү цахим зөвшөөрлийг авах шаардлагагүй.
Зорчигчид Казахстан руу зорчихоос 72-оос доошгүй цагийн өмнө qazeta.kz цахим хуудас эсвэл гар утасны аппликейшнээр дамжуулан цахимаар хүсэлтээ илгээнэ. Бүртгэлийн явцад иргэний үнэмлэх, паспортын мэдээллээ баталгаажуулах бөгөөд зөвшөөрөл олгогдсоноос хойш 180 хоногийн хугацаанд олон удаа нэвтрэх эрхтэй байх юм. Цахим зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгох хэдий ч энэ нь хилээр шууд нэвтрэх бүрэн баталгаа болохгүй бөгөөд өмнө нь албадан гаргалт хийлгэж байсан эсвэл хуурамч мэдээлэл өгсөн тохиолдолд хилийн алба улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах эрхтэй үлдэнэ.
Энэхүү цахим зөвшөөрлийн тогтолцооны хууль эрх зүйн орчныг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зургаадугаар сарын 24-ний өдөр Цагаачлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, наймдугаар сарын 25-наас эхлэн хүчин төгөлдөр болгосон юм. QazETA платформ нь дан ганц аяллын зөвшөөрлөөр хязгаарлагдахгүйгээр цахим виз, цахим оршин суугчийн үйлчилгээ болон хилийн шалган нэвтрүүлсэн тодорхойлолт зэргийг багтаажээ. Казахстаны Гадаад хэргийн яам уг шинэ шаардлагын талаар холбогдох 85 орны талд дипломат шугамаар мэдэгдээд байна.


