Миний тохиргоо

АНУ-д цагаачлалын луйвар хийсэн 13 иргэнд яллах дүгнэлт үйлдлээ

АНУ-ын Хууль зүйн яам цагаачлалын хууль тогтоомж зөрчиж, төрийн байгууллага болон гадаадын иргэдийг залилсан Бразил, Куба улсын 13 иргэнд холбогдох яллах дүгнэлт гаргасныг албан ёсоор мэдээллээ. Флорида мужийн Орландо хотод үйл ажиллагаа явуулж байсан сэжигтнүүдийг цахим залилан, визний луйвар, цагаачдыг хууль бусаар ажилд авсан болон гэрлэлтийн залилангийн хэрэгт буруутгаж байна.

Шүүхийн баримтад дурдсанаар, 54 настай Вагнер Сорарес Де Алмейда нь 2023 оны наймдугаар сарын 18-наас 2026 оны дөрөвдүгээр сарын 20 хүртэл Флоридад бүртгэлтэй 'Legacy Imigra Solutions LLC' компанийг удирдаж байжээ. Түүний байгууллагад 47 настай Жулиана Колуччи, 34 настай Лукас Фелипе Триндаде Силва, 35 настай Роналдо Де Кампос, 34 настай Эрик Бруно Гонкалвес Де Ассис Пинто, 43 настай Наталя Да Коста Феррейра, 29 настай Наталя Гомес Сириако, 37 настай Келен Кристина Да Силва нар ажиллаж байсан юм.

Дээрх компани нь өөрсдийгөө цагаачлалын мэргэшсэн хуульчид болон шинжээчдийн хуулийн товчоо хэмээн худал сурталчилж, үйлчлүүлэгчдэдээ төөрөгдүүлсэн, худал зөвлөгөө өгч байв. Тэд үйлчлүүлэгчдийнхээ нэр дээр цагаачлалын хуурамч бичиг баримт бүрдүүлэн статус, давуу эрх хууль бусаар олж авах замаар санхүүгийн ашиг олдог байжээ. Мөн АНУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй иргэдийг компанидаа тогтмол авч ажиллуулдаг байсан нь мөрдөн шалгалтаар илэрсэн байна.

Үүнээс гадна тус хэрэгт 69 настай Иссак Антонио Нарваез хуурамч гэрлэлт зохион байгуулах хуйвалдаанд гурван зүйл ангиар буруутгагдаад байна. Мөн 51 настай Роней Кастильо Салазар, 40 настай Ребека Алдама Гарсиа, 52 настай Михайл Кабера Нунез, 32 настай Лоррейн Соарес Оливейра нар тус бүр нэг зүйл ангиар хуурамч гэрлэлт зохион байгуулсан хэрэгт татагджээ.

Холбооны хуулийн дагуу цахим залилангийн зүйл анги тус бүрд дээд тал нь 20 хүртэлх жил, визний залиланд 10 хүртэлх жилийн хорих ял оноодог. Харин хуурамч гэрлэлт зохион байгуулсан хэрэгт 5 жил, цагаачдыг хууль бусаар ажилд авсан зөрчилд 6 сар хүртэл хорих шийтгэл хүлээлгэх хуулийн заалттай. Гэсэн хэдий ч яллах дүгнэлт нь урьдчилсан албан ёсны мэдэгдэл бөгөөд тэдний гэм буруу шүүхээр эцэслэн нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдоно.

Энэхүү ажиллагааг Дотоодын аюулгүй байдлын мөрдөх албаны Орландо, Тампа, Бразилиа дахь салбарууд болон АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) тэргүүтэй төрийн олон агентлаг хамтран шалгаж байна. Эх сурвалжууд цагаачлалын эрх ашиг, визтэй холбоотой сэжигтэй луйврын талаар USCIS-ийн албан ёсны сувгаар шуурхай мэдээлэхийг иргэдэд анхаарууллаа.