Формула-1 уралдааны долоон удаагийн дэлхийн аварга Льюис Хэмилтон Египет болон Газын зурвасын хилийн Рафах боомтод зочилж, тусламж илгээж буй байгууллагуудтай уулзлаа. Тэрбээр өмнө нь бүс нутгийн мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралын талаар дуу хоолойгоо хүргэж, энх тайвныг тогтоохыг байнга уриалж байсан юм. Түүнчлэн цахим хуудсаараа дамжуулан Израилийн агаарын дайралтад өртөн амиа алдсан хүүхдүүдийн талаар тогтмол нийтэлж, гал зогсоохыг шаарддаг байв.
Хэмилтон өнгөрсөн аравдугаар сард 'Бид Конго, Судан, Сири болон Палестиныг чөлөөлөхийн төлөө хамтдаа шахалт үзүүлэх ёстой гэж бодож байна. Хэзээ нэгэн цагт бид жинхэнэ энх тайванд хүрнэ гэдэгт найдаж байна' хэмээн байр сууриа илэрхийлж байжээ. Өнгөрсөн онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд томоохон байлдааны ажиллагаа зогссон ч Газын зурвас руу өдөрт 600 ачааны машин тусламж оруулах тохиролцоо одоог хүртэл биелэхгүй байна.
НҮБ-ын шинжээчдийн хараат бус комиссын мэдээлснээр Израилийн цэрэг хяналтын хүрээгээ нутаг дэвсгэрийн 53 хувь байсныг 60 хувь болгон тэлжээ. Мөн хугацаанд агаарын цохилт үргэлжилж, Израилийн довтолгооны улмаас 18 эмэгтэй, 32 хүү, 11 охин нийт 196 палестин хүн амиа алдсаныг шинжээчид батлав.
Хэмилтон Рафах боомтоор явж танилцсаны дараа Газ руу тусламж нэвтрүүлдэг Египетийн Улаан хавирган сар нийгэмлэгийн ложистикийн агуулахад зочилжээ. Боомт дээр тэрбээр тусламжийн ажилтнуудтай мэндчилэн гар барьж, орон нутгийн удирдлагуудтай богино хэмжээний яриа өрнүүлсэн байна. Хойд Синайн захирагч Халед Мегавер уг айлчлал нь Египет улсаас Газад тусламж хүргэхээр хийж буй бодит ажлуудыг Хэмилтонд харуулах зорилготой байсныг онцоллоо.
Энэхүү айлчлал нь түүний Сан-Паулугийн Их шагналын уралдаанд оролцож, 400 дахь гараагаа амжилттай хийсний дараахан тохиож байна. Формула-1-ийн түүхэн дэх анхны хар арьст нисгэгч Хэмилтон 2007 онд гараагаа эхэлсэн бөгөөд 2024 онд энэхүү амжилтад хүрсэн Фернандо Алонсогийн дараа 400 гараа хийсэн хоёр дахь тамирчин болсон юм.


