Миний тохиргоо

Япон улс Дундын коридорт хөрөнгө оруулж, худалдаагаа тэлнэ

Япон улс Казахстан улсаар дайран өнгөрөх Дундын коридороор дамжуулан Төв Ази, Кавказын бүс нутагтай тээвэр, худалдааны хэлхээ холбоогоо өргөжүүлэх боломжийг судалж байна. Энэ хүрээнд Токио, Алматы хотын хооронд шууд нислэг үйлдэхээр төлөвлөсний зэрэгцээ Актау боомтын гаалийн хяналт шалгалтыг шинэчлэхэд зориулж 719 сая иен буюу ойролцоогоор 4.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсныг Казахстаны Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Эдгээр санаачилгыг аравдугаар сарын 19-нд Токио хотноо болсон хурлын үеэр дэлгэрэнгүй хэлэлцсэн бөгөөд уулзалтад Японы төрийн байгууллагууд, Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), РОТОБО нийгэмлэг болон ложистикийн компанийн 100 орчим төлөөлөгч оролцов. Тус хурлын гол зорилго нь Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн чиглэл буюу Дундын коридорт Японы хөрөнгө оруулалтыг татах, гурван бүс нутгийн тээврийн уялдаа холбоог сайжруулахад чиглэжээ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Кэй Такаги тус чиглэл нь олон улсын тээвэр, ложистикийн сүлжээг төрөлжүүлэхэд стратегийн өндөр ач холбогдолтойг онцлов. Түүний тэмдэглэснээр Дундын коридор нь бүс нутгийн улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нэмэлт боломжийг бүрдүүлж байгаа аж. Хурлын үеэр Казахстанаас Японд суугаа Элчин сайд Ерлан Баударбек-Кожатаев, Азербайжаны Элчин сайд Фарид Талибов нар өөрсдийн тээврийн хөгжлийн бодлогыг танилцуулж, тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх арга замуудыг хэлэлцсэн байна.

Японы компаниуд Дундын коридорын дагуу хүргэлтийн хугацаа, тээврийн зардал, гаалийн бүрдүүлэлт болон үйлчилгээний чанарыг туршилтын тээвэрлэлтээр нарийвчлан судалжээ. Үүний үр дүнд Каспийн тэнгисийг дайрах гол зангилаа болох Актау боомтын гаалийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна. Иймд тус боомтод хөдөлгөөнгүй, том оврын рентген хяналтын төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн бөгөөд уг төхөөрөмж ашиглалтад орсноор ачаа шалгах хугацаа гурав дахин богиносож, тээврийн урсгалыг түргэтгэх давуу талтай юм.

Тээврийн дэд бүтцээс гадна 'Air Astana' компани Алматы хотоос Токио хотын Нарита олон улсын нисэх онгоцны буудлын хооронд шууд нислэг үйлдэхээр бэлтгэлээ хангажээ. Алматыгаас хийх анхны нислэг арваннэгдүгээр сарын 30-нд товлогдсон бол буцах нислэг арванхоёрдугаар сарын 1-нд хөөрөх хуваарьтай байна. Тус чиглэлд Airbus A321LR агаарын хөлгөөр долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх бөгөөд нийт долоон цаг гучин минут үргэлжлэх аж. Энэ нь хоёр улсын хооронд агаарын тогтмол харилцааг шинээр эхлүүлж, бизнес, аялал жуулчлалыг дэмжих чухал гарц болно.

Түүнчлэн оролцогчид тээврийн коридорын дагуух дижитал дэд бүтцийн хөгжлийн талаар санал солилцов. Элчин сайд Баударбек-Кожатаев аравдугаар сарын 15-нд Баку хотод Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нарын оролцоотойгоор ашиглалтад оруулсан Каспийн тэнгис дамнасан шилэн кабелийн шугамыг чухалчлан дурдлаа. Тээвэр, гааль, дижитал дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх эдгээр төсөл нь Казахстаны Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх байр суурийг бататгаж, Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж