Казахстаны Эрчим хүчний яам Мангистау мужийн нутагт байрлах Дунга газрын тосны ордын зардалтай холбоотой олон жилийн маргааныг эцэслэн зохицуулсан тухай мэдэгдлээ. Энэхүү тохиролцоо нь 2039 он хүртэл нийт 67.4 сая баррель газрын тос олборлохоор зорьж буй шинэ төлөвлөгөөг саадгүй үргэлжлүүлэх суурийг тавьж байна.
Уг хэлэлцээрт Казахстаны Эрчим хүчний сайд Ерлан Аккенженов болон 'КазМунайГаз' компанийн орлогч дарга Руслан Балыкбаев нар 10 дугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зуржээ. Ёслолын ажиллагаанд бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтэд хяналт тавьдаг төрийн эрх бүхий байгууллага болох 'PSA' болон талбайн оператор 'Dunga Operating GmbH' компанийн төлөөлөгчид байлцав. Тохиролцооны баримт бичгийг олон улсын консорциумын гишүүд болох 'Oman Oil Company Limited' болон Тайландын 'PTTEP' корпорацад удахгүй хүргүүлж, батлуулахаар төлөвлөжээ.
Тус улсын баруун хэсгийн Түпкараган дүүрэгт байрлах Дунга ордыг 1966 онд анх нээж, улмаар 2000 онд туршилтын олборлолт хийж эхэлсэн бөгөөд 2007 оноос бүрэн хэмжээний ашиглалтад шилжүүлсэн түүхтэй. Анх 1994 оны тавдугаар сард Казахстан болон Оманы компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байсан бол 2019 онд тус гэрээг 15 жилээр сунгаж, 2024-2039 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтсон юм. Улмаар 2023 оны 11 дүгээр сард үндэсний оператор 'КазМунайГаз' Францын 'TotalEnergies' компанийн эзэмшиж байсан 60 хувийн хувьцааг 358.5 сая ам.доллароор худалдан авч, төслийн үндсэн хяналтыг гартаа оруулсан бөгөөд 'Oman Oil' болон 'PTTEP' компаниуд тус бүр 20 хувийг эзэмшдэг байна.
Төслийн хэмжээнд олборлолт тогтвортой өсөж байгаа бөгөөд 2023 онд 546,900 тонн, 2024 онд 630,000 тонн газрын тос гарган авч байсан бол 2025 онд энэ хэмжээ 677,300 тоннд хүрсэн дүнтэй байна. Түүнчлэн 2025 онд хий олборлолт 51 сая шоо метрээс давжээ.
Талуудын дунд үүссэн олон жилийн маргаан нь гэрээлэгчдийн урьд өмнө гаргасан зарим зардлыг бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд нөхөн төлөх боломжтой эсэх асуудлаас үүдэлтэй байв. Эрчим хүчний салбарын шинжээч Нурлан Жумагуловын тайлбарласнаар хуучин оператор 'TotalEnergies' болон бусад түншүүдийн нөхөн төлүүлэх шаардлага хэдэн зуун сая ам.доллароор хэмжигдэж байжээ. Түүнчлэн тэрбээр уг маргаан шийдэгдсэнээр жилийн олборлолтыг 850,000 тоннд хүргэх боломж бүрдэж байгааг онцлоод, 2025 онд тус төслөөс улсын төсөвт нийт 40 тэрбум тенге буюу 88.2 сая ам.долларын татвар төвлөрсний 32 тэрбум тенге нь ашгийн хувьцаанд ногдсоныг тооцоолжээ.
Шинэ тохиролцооны хүрээнд Казахстаны талд санхүүгийн нөхөн төлбөр олгохоор тусгасан ч яамны зүгээс уг мөнгөн дүнгийн хэмжээг нууцалсан байна. Эрчим хүчний сайд Ерлан Аккенженов уг орд нь улсын эрчим хүчний салбарт стратегийн онцгой ач холбогдолтойг тэмдэглээд, шүүхийн урт хугацааны маргаангүйгээр төрийн эдийн засгийн эрх ашгийг хамгаалж, шинэ хөрөнгө оруулалтын шатыг эхлүүлж байгааг онцлов. Төлөвлөгөөний гурав дахь шатанд өмнө нь өрөмдсөн цооногуудыг сүлжээнд холбох, боловсруулах хүчин чадлыг нэмэх, экспортын дэд бүтцийг шинэчлэх өргөн хүрээтэй ажлууд хийгдэх юм.


