Миний тохиргоо

ОХУ шоронд хоригдож байсан АНУ-ын иргэн Стивен Хаббардыг суллав

ОХУ-ын эрх баригчид Украины талд тулалдсан хэргээр хоригдож байсан АНУ-ын 74 настай иргэн Стивен Хаббардыг суллажээ. Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаргийн өглөө Санкт-Петербург хотноо АНУ-ын төлөөлөгч Стив Виткоффтой уулзах үеэрээ Хаббардыг тус хотын 'Пулково' нисэх онгоцны буудал руу хүргэсэн тухай мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цахим сүлжээндээ уг шийдвэрийн талаар нийтэлж, багш мэргэжилтэй түүнийг эх орон руугаа буцах замдаа гарсан бөгөөд энэ үйл явцад хоригдол солилцоо шаардагдаагүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн Трамп өнгөрсөн долоо хоногт Путинтэй шууд холбогдож хүсэлт тавьсны үр дүнд Хаббардыг сулласан бөгөөд хориг арга хэмжээг хоёр хоногийн өмнө цуцлаагүй бол энэхүү хэлэлцээ бүрэн зогсох байсан гэж тайлбарлав.

Мичиган мужийн иргэн Стивен Хаббард нь 2022 онд дайн эхэлсний дараахан Украины зүүн бүсийн Изюм хотод байхдаа баривчлагдаж, 2024 онд Оросын шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид бараг долоон жил хорих ял сонсоод байсан юм. АНУ-ын Төрийн департамент түүнийг хууль бусаар саатуулагдсан гэж үзэж байсан бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Техас мужид эмчлүүлэхээр төлөвлөжээ.

Уулзалтын үеэр АНУ-ын төлөөлөгч Стив Виткофф өмнөх өдөр нь Осло хотноо Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан бөгөөд энхийн хэлэлцээг гурван талт хэлбэрээр сэргээх талаар Норвегид тохиролцсон саналуудыг Путинд танилцуулсан байна. Одоогоор Кремлийн зүгээс уг саналуудыг хүлээн авах эсэх талаар албан ёсны хариу өгөөгүй байгаа юм.

Үүнээс гадна уулзалтаар Вашингтон, Москвагийн хооронд саяхан байгуулсан дизель түлш нийлүүлэх гэрээг хэлэлцжээ. Путиний мэдэгдсэнээр тус тохиролцооны дагуух эхний тээвэрлэлт 2-3 хоногийн дотор ОХУ-аас гарах бөгөөд Виткофф уг гэрээг байгуулсанд Трампын өмнөөс талархал илэрхийлэв.

Санкт-Петербург хотод гурван цаг гаруй үргэлжилсэн уг яриа хэлэлцээний үеэр талууд Ираны нөхцөл байдал, Хятад улсад зохион байгуулах боломжит уулзалт болон АНУ-ын зах зээлд бордоо нийлүүлэх эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн ярилцжээ.

BBC NewsBBC News · Эх сурвалж