Миний тохиргоо

Казахстанд энэ өвөл олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй

Казахстан улсад энэ өвөл ихэнх нутгаар харьцангуй дулаан байж, уур амьсгалын дунджаас агаарын температур өндөр байх төлөвтэй байна. Тус улсын Цаг уур, орчны шинжилгээний алба 'Казгидромет'-ээс аравдугаар сарын 16-нд гаргасан урьдчилсан мэдээгээр зарим бүс нутагт, тэр дундаа хоёрдугаар сард хур тунадасны хэмжээ эрс нэмэгдэх төлөв ажиглагдлаа.

Улсын хэмжээнд ерөнхийдөө дунд зэргийн хур тунадас унах тооцоо гарсан ч умард, баруун хойд, зүүн хойд болон төвийн бүсэд олон жилийн дунджаас ахиу цас орж болзошгүй байна. Түүнчлэн нутгийн зарим хэсгээр цасан шуурга шуурч, хүчтэй салхилах, өтгөн манан татах, зам талбайд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэйг анхааруулав. Цаг агаарын огцом хэлбэлзлийн улмаас цасан бүрхүүл дээр мөсөн давхарга тогтох магадлалтай байна.

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджаас 2°C-аар дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хэмжээ дийлэнх нутагт хэвийн түвшинд хадгалагдах боловч умард, зүүн хойд болон зүүн бүс нутгуудад ахиу орох бол Кызылорда мужид дунджаас бага байх төлөв гарчээ.

Харин нэгдүгээр сард баруун хойд нутгаас бусад ихэнх бүс нутагт агаарын хэм хэвийн хэмжээнээс 1-2°C-аар дулаарах урьдчилсан төлөв гарлаа. Тунадасны хэмжээ баруун хэсгээр нэмэгдэж, өмнөд болон зүүн өмнөд нутгаар дунджаас бага байхаар байна.

Ирэх оны хоёрдугаар сард Казахстан улсын ихэнх нутагт цаг агаар жирийн үеэс 1-3°C-аар дулаан байж, ихэнх нутгаар цас ахиу орох хандлагатай байна. Баруун болон өмнөд зарим хэсэгт тунадас хэвийн хэмжээнд байх төлөвтэй бол баруун өмнөд нутгаар дунджаас бага хур тунадас унахаар тооцоолжээ.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж