Казахстан улс Алматы хот дахь Кавказ, Төв Ази, Монголын бүсийн чадавхыг хөгжүүлэх төвөөр дамжуулан Олон улсын валютын сан (ОУВС)-тай байгуулсан түншлэлээ өргөжүүлж, 25 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо. Энэ тухай ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Түншлэлийг сунгах хэлэлцээрт ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева болон Казахстаны төлөөлөгч Тимур Сулейменов нар гарын үсэг зуржээ. Кристалина Георгиева уг алхмыг өндрөөр үнэлж, Казахстан улс бүс нутгийн хэмжээнд илүү бат бөх институц, уян хатан эдийн засгийг цогцлооход манлайлал үзүүлж буйг онцолсон байна.
Тус төв нь Армени, Азербайжан, Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн нийт есөн улсыг хамран үйл ажиллагаа явуулдаг. ОУВС-гийн дэлхийн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болох уг байгууллага нь ойролцоогоор 100 сая хүн амтай бүс нутгийн эдийн засгийн чадавхыг дэмжин ажилладаг юм.
Алматы хотноо 2023 оны зургаадугаар сард нээгдсэн тус төв нь мэргэжлийн боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, төсвийн төлөвлөлт, статистикийн тогтолцоо болон эдийн засгийн урьдчилсан таамаглалыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Нээгдсэнээсээ хойш 615 гаруй арга хэмжээ зохион байгуулж, бүс нутгийн 4,670 гаруй мэргэжилтэнд сургалт орсны 1,370 нь Казахстаны төлөөлөл байв.
Энэхүү төслийн үйл ажиллагаа нь цаашид Алматы хотын бизнес, боловсролын аялал жуулчлалын салбарыг тэтгэж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шинэ боломж бий болгоно гэж үзэж байна.