Их Британийн засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд ээлтэй ажлын орчин бүрдүүлэх чиглэлтэй сайн дурын 'Disability Confident' хөтөлбөрийг үндсээр нь шинэчлэх шийдвэр гаргалаа. Уг шинэчлэл нь ажил олгогчдод тавих шалгуурыг өндөрсгөж, бодит үр дүн, ил тод байдлыг шаардахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын үнэлгээ, санал хүсэлтийг магадлан итгэмжлэлийн гол шалгуур болгох зорилготой юм.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд хөтөлбөрийн бүтцийг өөрчлөн гурван түвшинд хуваажээ. Үүнд суурь ангилал буюу 'Foundation', дунд шатны 'Practitioner', дээд шатны 'Champion' зэрэг түвшнүүд багтаж байна. Эхний түвшинд байгууллагууд хамгийн ихдээ хоёр жил хүртэл байх хугацааны хязгаар тавьсан бөгөөд хэрэв дараагийн шат руу ахихгүй бол хөтөлбөрөөс шууд хасагдах зохицуулалт тусгалаа. Харин хоёрдугаар түвшний ажил олгогчид жил бүр ахиц дэвшлийн тайлангаа тайлагнах үүрэг хүлээх бол дээд түвшний байгууллагуудад хөндлөнгийн хараат бус шалгалт оруулж магадлан итгэмжлэхээр болсон байна.
Нийгмийн хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан сайд Стивен Тиммс хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэх үеэр Лондоны 'HSBC' банкны төв байранд энэхүү шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр уг алхам нь ажил олгогчдын хариуцлагыг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн халамжид найдах бус хөдөлмөр эрхэлж, бие даан амьдрах бодит боломжийг тэлэх засгийн газрын өргөн хүрээний бодлогын хэсэг болохыг цохон тэмдэглэв. Одоогоор Их Британи даяар 19,000 орчим ажил олгогч уг хөтөлбөрт нэгдэж, нийт 12 сая ажилтныг хамарч байна.
Шинэ журмаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан шаардлагыг илүү уян хатан, бодитой болгож, тэдэнд чиглэсэн тусгай заавар, дэмжлэгийн хэрэгслүүдийг олгохоор тусгажээ. Байгууллагууд ажилтнуудаа сонгон шалгаруулах, ажилд дасан зохицоход нь туслах, мөн өвчлөлөөс шалтгаалан ажилдаа эргэн орох үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж буйгаа батлан харуулах ёстой болж байна.
Хөтөлбөрийн шинэ дүрмийг бизнес эрхлэгчдэд бэлтгэх хугацаа олгох үүднээс үе шаттайгаар нэвтрүүлж, 2027 оны 4 дүгээр сарын 1-нээс албан ёсоор мөрдүүлэхээр төлөвлөлөө. Харин одоогийн гишүүн ажил олгогчид хугацаа нь дуусах хүртэл статусаа хадгалах бөгөөд 'Champion' түвшний хөндлөнгийн шалгалтыг 2027-2028 онд дэмжих хэлбэрээр явуулж, улмаар 2028 оны 4 дүгээр сараас бүрэн хэрэгжүүлж эхлэх юм.


