Миний тохиргоо

Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан эмэгтэйн шүүх хурал эхэллээ

ХБНГУ болон Украины давхар иргэншилтэй 57 настай эмэгтэйг Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгасан шүүх хурал пүрэв гарагт эхэллээ. Шүүгдэгчийн бие гэнэт муудаж, эмнэлгийн яаралтай тусламж авсан тул өглөө товлосон хурлын эхлэл хойшлов. Дараа нь түүнийг тэргэнцэрт суулган, бараан шилтэй шүүхийн танхимд оруулж ирсэн ба өмгөөлөгчид нь хувийн мэдээллээ батлахаас татгалзсан нь хуралдааныг дахин саатуулахад хүргэжээ. Түүнчлэн үдээс хойш шүүгдэгчийн дотор муухайрсан тул танхимд эмч байлцуулсан байна.

Германы хувийн нууцын тухай хуулийн дагуу Илона В. хэмээн нэрлэж буй уг эмэгтэйг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд баривчлан цагдан хорьсон юм. Түүний хэргийг хянан хэлэлцэх шүүх ажиллагаа 2027 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Энэхүү баривчилгаа нь Берлин болон Москвагийн хооронд дипломат маргаан дэгдээж, Германы эрх баригчид Оросын Элчин сайдыг дуудан тайлбар авч, тус улсын элчин сайдын яамны цэргийн атташегийн орлогч Андрей Маеровыг нутгаасаа албадан гаргасан билээ.

Прокурорын дүгнэлтэд дурдсанаар, тэрбээр Германы Батлан хамгаалах яамны одоогийн болон хуучин албан тушаалтнуудтай холбоо тогтоож, батлан хамгаалах аж үйлдвэрийн байршил, дрон туршилт болон Украинд нийлүүлэхээр төлөвлөсөн нисгэгчгүй онгоцны талаарх мэдээллийг цуглуулж байжээ. Мөн 2023 оны арваннэгдүгээр сараас хойш Берлин дэх Оросын Элчин сайдын яаманд ажилладаг тусгай албаны ажилтантай холбоотой байсан бөгөөд түүнийг улс төрийн арга хэмжээнд хуурамч нэрээр оролцоход нь тусалж, өндөр түвшний уулзалтад оролцогчдын талаарх мэдээллийг бэлтгэж өгсөн гэж сэжиглэж байна.

Берлиний бизнес эрхлэгч уг эмэгтэй олон жилийн турш Герман, Орос, Украины харилцаа, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ТББ удирдаж, маркетингийн агентлаг ажиллуулдаг байв. Эдгээр ажлын шугамаар тэрбээр Германы улс төр болон цэргийн хүрээнийхэнтэй өргөн харилцаа тогтоосон байжээ. Харин ОХУ-аас ХБНГУ-д суугаа Элчин сайд Сергей Нечаев энэхүү хэрэгт Элчин сайдын яам ямар ч холбоогүй болохыг мэдэгдээд, уг эмэгтэйг Оросын иргэн биш тул тэдэнтэй ямар ч харилцаагүй хэмээн няцаасан байна.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж