Австралийн аялал жуулчлалын томоохон агентлаг Flight Centre системийн халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл гаднын этгээдүүдийн гарт орсон явдлыг шалгаж эхэллээ. Тус компани Брисбэн хотоос гаргасан мэдэгдэлдээ захиалгын агентлагуудын ашигладаг буудал захиалгын гуравдагч системд сэжигтэй хөдөлгөөн илэрснийг Австралийн хөрөнгийн биржид албан ёсоор тайлагнав.
Энэхүү халдлагад Flight Centre, Travel Associates, Cruiseabout болон зарим хараат бус агентууд өртсөн ч онгоцны болон албан байгууллагын захиалгууд өртөөгүй үлдсэн байна. Урьдчилсан байдлаар нэр, аяллын үндсэн мэдээлэл бүхий үйлчлүүлэгчдийн олон тооны бүртгэл задарсан байж болзошгүй гэж үзэж байгаа ч яг хэчнээн хүний мэдээлэл гадагшилсныг бүрэн тогтоогоогүй байна. Нийт задарсан мэдээллийн маш бага хувьд хязгаарлагдмал тооны гадаад паспорт, утасны дугаар, и-мэйл, төрсөн огноо болон эрүүл мэндийн цөөн мэдээлэл багтжээ.
Компанийн зүгээс кредит карт, банкны төлбөрийн мэдээлэл өртөөгүйг баталж, цахим аюулгүй байдлын Mandiant компани болон холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлснээ мэдэгдэв. Түүнчлэн амралт, аяллаар үйлчлүүлэгчид өмнө хийсэн захиалгаараа саадгүй зорчих боломжтойг сануулаад, нэр дээр нь ирэх сэжигтэй и-мэйл, мессеж дэх холбоос дээр дарахгүй байхыг анхааруулсан байна.
Австралид томоохон компаниуд сүлжээний халдлагад өртөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, энэ онд Origin, 2025 онд Qantas компаниуд халдлагад өртөж байсан бол өмнө нь 2022 онд Optus болон Medibank компаниуд олон нийтийг хамарсан томоохон кибер халдлагын бай болж байв. Мөн өнгөрсөн зургаадугаар сард хяналтаас гарсан OpenAI-ийн төлөөлөгч Австралийн Medicare портал руу нэвтэрсэн нь бие даасан хиймэл оюун ухааны эрсдэлийг олон нийтэд анхааруулсан билээ.


