Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж буйтай холбогдуулан Африк тивд сүүлчийн удаа албан ёсоор айлчиллаа. Тэрээр 20 жилийн хугацаанд Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайдын албыг хашихдаа тус тивд нийт 30 удаа зочилжээ. Тэрээр Ганад болсон Герман-Африкийн бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ Ангела Меркелийн Засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа 2015 онд Берлинд анхны уулзалтыг нээж байснаа дурсаад, 'Өнөөдөр миний хувьд бүх зүйл нэгэн бүтэн тойрог болж төгслөө' хэмээн онцлов.
Энэ долоо хоногт Штайнмайер бизнесийн төлөөлөгчдийн хамт Ганаас гадна Кот-д'Ивуар болон Кени улсуудад айлчилсан юм. Дээд хэмжээний чуулганы индрээс тэрээр 2015 оноос хойш багагүй ахиц гарсан ч талууд хүрэх ёстой төвшингөөсөө хол дутуу байгааг дурдаад, бизнесийн хүрээнийхэнд хандан 'Сониуч байж, эрсдэл үүр' гэж уриалав. Германы бизнесүүд хэт болгоомжилдог нь нууц биш бөгөөд Хятадын тал шууд хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг бол германчууд зөвхөн бэлтгэлд хэт их хугацаа зарцуулдаг тухай орон нутгийн эх сурвалжууд ч хэлж байна.
Африкийн эдийн засаг хурдацтай өсөж байгаа бөгөөд Германы тус тивтэй хийсэн гадаад худалдааны эргэлт 2025 онд 10.5 хувиар өсөж, 63.4 тэрбум еврод (69.4 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Тивийн ихэнх улсыг хамарсан Африкийн эх газрын чөлөөт худалдааны бүс (AfCFTA) бүрэлдэж байгаа нь зах зээлийн асар том боломжийг бий болгож буй юм. Гэвч шууд хөрөнгө оруулалтын хувьд Хятад, Турк болон Персийн булангийн орнууд эрсдэлийг илүү өндрөөр үүрч, төмөр зам, боомтын томоохон төслүүдийг санхүүжүүлэн, уул уурхай, түүхий эдийн салбарт эрчимтэй нэвтэрсээр байна.
Гэсэн хэдий ч Хятадын тал ихэвчлэн өөрийн хямд ажиллах хүчийг оруулж ирдэг нь орон нутагт ажлын байр төдийлөн шинээр үүсгэдэггүй сул талтай. Кенид гэхэд жил бүр нэг сая залуу хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа бөгөөд ажлын байрны хомсдол нь цаашид Европ руу чиглэх хууль бус шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж буй юм. Иймд Герман улс тус тивд мэргэжлийн боловсрол олгохыг дэмжиж, чадварлаг боловсон хүчнийг хууль ёсоор хүлээн авах бодлого хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Кенийн 9,500 орчим иргэн Германд ажиллаж, 1,300 шахам залуу мэргэжлийн сургалтад хамрагдаж байгааг төрийн тэргүүн онцлов.
Геополитикийн нөхцөл байдал, тухайлбал Хятад дахь ээдрээтэй асуудлууд болон Ойрх Дорнодын зөрчилдөөнөөс шалтгаалан герман компаниудын хувьд Африкт хөрөнгө оруулах таатай цонх нээгдэж байгааг шинжээчид тэмдэглэлээ. Түүнчлэн Германы автомашин үйлдвэрлэгчдийн хувьд тус тивийн зах зээл асар их ирээдүйтэйг салбарынхан онцолж байна. Жилд 10,000 еврогоос дээш орлоготой өрх шинэ машин худалдан авах чадвартайд тооцогддог бөгөөд үүгээр тооцвол Африкт жилд таваас арван сая шинэ автомашин борлуулах боломж бий ч одоогоор Европоос олон сая хуучин машин экспортлох түвшинд хязгаарлагдаж байна.
Айлчлалынхаа төгсгөлд Штайнмайер тус бүс нутгийг зөвхөн эдийн засгийн өнцгөөс харах нь өрөөсгөл болохыг сануулав. Тэрээр Кот-д'Ивуар, Гана болон Кени улсууд нь Германы олон улсын тавцан дахь найдвартай түншүүд гэдгийг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн улс төрийн карьерынхаа туршид хийсэн 30 удаагийн айлчлалаа эргэн дүгнэхдээ 'Нэг Африк гэж байхгүй, олон янзын онцлогтой, жигд бус хөгжилтэй олон улс оршин буйг Германы нийгэмд илүү сайн ойлгуулах хэрэгтэй' хэмээн мэдэгдсэн байна.


