Их Британийн Дотоод хэргийн яамнаас мөрдөн мөшгих үйлдлийг бие даасан шинэ гэмт хэрэг болгон хуульчлах шийдвэр гаргаснаа албан ёсоор зарлав. Шинэ зохицуулалтаар хохирогч хуулийн хамгаалалт авахын тулд өөрт төрсөн айдас, түгшүүр, сэтгэл зүйн дарамтыг нотлох шаардлагагүй болж байна.
Англи болон Уэльст 2012 онд мөрдөн мөшгихтэй холбоотой хоёр зүйл ангийг баталсан ч дарамт шахалтыг заавал үндсэн нөхцөл болгодог байв. Засгийн газрын захиалгаар өнгөрсөн онд хийсэн хуульч Ричард Райтын дүгнэлтэд энэхүү гэмт хэргийг энгийн дарамт шахалтаас салгаж, бие даасан ойлголт болгохыг зөвлөжээ.
Шинэ хуулийн дагуу цагдаа, шүүхийн байгууллага хохирогчийн сэтгэл санааны байдлыг бус, харин этгээдийн гаргаж буй зан үйлийг голлон шалгана. Түүнчлэн ялын бодлогыг чангатгаж, мөрдөн мөшгисөн этгээдэд 10 хүртэлх жилийн хорих ял оноох өөрчлөлтийг тусгахаар төлөвлөлөө.
Шүүх байгууллага гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарахаас өмнө сэжигтний үйлдлийг хязгаарлах хамгаалалтын захирамжийг шууд гаргах эрхтэй болов. 2016 онд өөрийг нь мөрдөн мөшгиж байсан хуучин хамтрагчдаа хөнөөгдсөн 24 настай Элис Рагглсын ар гэрийнхэн энэхүү өөрчлөлтийг талархан хүлээн авчээ.
Эсэргүүцлийн байгууллагууд 2022 онд гаргасан нэгдсэн гомдолдоо цагдаа нар уг хэргийг хангалтгүй шалгаж, аюулыг дутуу үнэлдэг болохыг дурдсан байна. Сьюзи Ламплугийн сангийн мэдээлснээр цагдаад бүртгэгдсэн нийт тохиолдлын ердөө 1.2 хувьд нь л гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гардаг ажээ.
Хохирогчдын асуудал эрхэлсэн төлөөлөгч Клэр Ваксман уг шийдвэрийг сайшаасан ч ял эдэлсэн этгээдүүдэд чиглэсэн нэмэлт арга хэмжээ дутсаныг шүүмжлэв. Өөрөө 20 жилийн турш мөрдөн мөшгигчийн хохирогч болсон тэрбээр ял шийтгүүлснийхээ дараа үйлдлээ дахин давтсан этгээдийг шууд баривчлах эрхийг цагдаад олгох ёстойг онцоллоо.


