Миний тохиргоо

Австралид орон байрны хулгай хийж, цагдаагаас зугтсан 18 настай залууг батлан даалтад гаргав

Викториа мужийн Милдьюра хотод 17 удаагийн гэмт хэрэгт холбогдож, цагдаагаас машинтай зугтсан 18 настай Руперт Кларкийг шүүх оршуулгад оролцуулахаар түр батлан даалтад суллав. Цагдаагийн байгууллага түүнийг нийгэмд аюултай хэмээн эсэргүүцсэн ч шүүгч гэрийн хорионы хатуу нөхцөлтэй шийдвэр гаргажээ.

Австралийн Викториа мужийн баруун хойд нутгийн Милдьюра хотод 17 удаагийн гэмт хэрэгт холбогдож, цагдаагаас өндөр хурдаар зугтсан 18 настай Руперт Кларкийг шүүхээс батлан даалтаар түр суллах шийдвэр гаргав. Цагдаагийн байгууллага өсвөр насныхны гэмт хэрэг даамжирч, нийгэмд ноцтой эрсдэл учруулж байгааг сануулж түүнийг суллахыг эрс эсэргүүцсэн боловч шүүх хурал ирэх баасан гарагт үргэлжлэх хүртэл түүнийг түр чөлөөллөө.

Шинэ Өмнөд Уэльс мужийн Гол Гол хотод оршин суух Кларк өнгөрсөн ням гарагт 12-17 насны таван хүүхдийн хамт баривчлагджээ. Тэд арваннэгдүгээр сарын 22-ны өглөө 07:00 цагийн орчимд Мербейн Саут дахь хувийн эзэмшлээс цагаан өнгийн 'Volkswagen Tiguan' загварын машиныг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Улмаар уг машинаар 225 км/цаг хүртэл хурдалж, үд дундын үед Ред Клиффсээс Милдьюра чиглэлд цагдаагийн мөрдлөгөөс зугтсан байна.

Цагдаагийн алба хаагчид Айримпл дүүргийн уулзварт дугуй хагалагч ашиглан тээврийн хэрэгслийн хурдыг 50 км/цаг хүртэл сааруулсан боловч тухайн машин ойролцоох тойрог замаар зугтаж, 2026 оны 'MG wagon' маркийн машиныг мөргөжээ. Улмаар явган хүний замаар давхин цагдаагийн дөрвөн автомашиныг гэмтээсний эцэст талбай дээр саатуулагдсан байна. Энэ үеэр урд талын суудалд сууж явсан өсвөр насны хүүхэд цагдаагийн хөөцөлдөөнийг бичлэг хийн сошиал орчинд нийтэлжээ.

Кларк өмнө нь хурд 45 км/цагаар хэтрүүлсэн хэргээр батлан даалтад байсан бөгөөд наймдугаар сараас хойш оройн цагаар гарахыг хориглосон дэглэмтэй, машин жолоодох эрхгүй байсан аж. Түүнчлэн түүнтэй хамт саатуулагдсан 12 настай хүүхэдтэй уулзахыг ч хориглосон байжээ. Цагдаагийн ахлах мөрдөгч Жэйк Гэйл шүүх хуралдааны үеэр өсвөр насныхан цахим орчинд нэр алдар, зугаа цэнгэл олохоос өөр ашиг сонирхолгүйгээр гэмт үйлдэл гаргаж, бусдын аминд хүрэх эрсдэл үүсгэсэн тул түүнийг суллах нь хэт аюултай гэдгийг мэдэгдсэн байна.

Шүүх хурлын үеэр шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн таван бичлэгийг үзүүлсэн бөгөөд Кларк урсгал сөрж 205 км/цаг хурдалсан, хүүхдийн спортын тэмцээн болж байсан бүсэд 60 км/цагийн хязгаартай газарт 165 км/цаг хурдалсан, мөн эму шувуун сүргийг дайрахаар оролдсон үйлдлүүд баримт болон хадгалагджээ. Гэвч түүний өмгөөлөгч Тайра О'Нил арваннэгдүгээр сарын 3-нд таалал төгссөн өвөөгийнх нь оршуулгад оролцуулах түр хүсэлт гаргасан байна.

Милдьюрагийн шүүхийн шүүгч Грег Томас хэрэгтнийг гэрийн хорионд байх хатуу нөхцөлтэйгөөр түр хугацаанд суллав. Тэрээр эх, хойд эцгийнхээ хараа хяналтаас гадуур гэрээсээ гарах эрхгүй бөгөөд ойрын 48 цагт зөвхөн эмнэлэг болон шүүхийн асуудлаар л Милдьюра хотод нэвтрэхийг зөвшөөрчээ. Түүнчлэн машин жолоодох, цуг баривчлагдсан таван хүүхэдтэйгээ холбоо тогтоохыг бүрэн хориглосон бөгөөд түүний хэргийг баасан гарагт дахин хэлэлцэхээр товлосон байна.

ABC News AustraliaABC News Australia · Эх сурвалж