Камеруны Камерун уул үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөд хэсэгт орших Бакингили тосгоны ойролцоо аялж явсан гадаадын жуулчид руу зэрлэг заанууд дайрч, нэг хүн амиа алдав. Тухайн бүлэгт Их Британийн дөрөв, Швейцарын нэг, АНУ-ын нэг жуулчин орон нутгийн хөтөч нарын хамт арваннэгдүгээр сарын 19-нд нуур луу очдог замын дагуу явж байгаад 15 орчим заантай таарчээ.
Уг сүрэг гэнэт дайрах үед Лондонд төвтэй даатгалын 'Axa XL' компанид 13 жил ажилласан Швейцарын иргэн Ален Тро заанд мөргүүлж хүнд бэртсэн юм. Мөн нутгийн нэг хөтөч түүн дээр унаж шуудуу руу шидэгдсэн бол бусад аялагчид модонд авирч, бутанд нуугдан амь гарчээ.
Бэртсэн жуулчны нүд хөхөрч, гарынхаа өвдөлтийг хэлж байсан ч дотуур цус алдсаны улмаас удалгүй шархаа даалгүй нас барав. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд болон цэргийн хамтарсан баг арваннэгдүгээр сарын 21-нд талийгаачийн цогцсыг Лимбе хотын моргт хүргэсэн бөгөөд бэртсэн америк жуулчин тус хотын эмнэлэгт эмчлүүлээд гарчээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр уг бүс нутагт заан болон оршин суугчдын хооронд мөргөлдөөн сүүлийн 10 жилийн турш тасралтгүй гарч буй аж. Их Британийн Гадаад хэргийн яам тус улсын иргэд гэмтсэнтэй холбогдуулан шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж эхэлснээ мэдэгдлээ.
Байгаль хамгаалах олон улсын холбооноос Африкийн ойн зааныг 2021 онд нэн ховордсон ангилалд албан ёсоор оруулсан байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн тооцоолсноор байгальд одоогоор 195,000 орчим ойн заан үлдсэн нь 50 жилийн өмнөх тоо толгойн 15%-д ч хүрэхгүй үзүүлэлт юм.
Саваннагийн төрөл зүйлээсээ жижиг биетэй энэхүү ойн зааны дөнгөж 5% нь төв Африкаас өөр бүс нутагт амьдардаг байна. Камерун улсад одоогоор 6,000 орчим ойн заан үлдсэн бөгөөд хулгайн анчдын сүлжээний улмаас тоо толгой нь эрс цөөрч буйг 'Global Conservation' байгууллага анхааруулжээ.


