Баруун Австралийн Ийстерн Голдфилдс бүсийн шоронд 2025 оны дөрөвдүгээр сард 31 настай Линтон Филип Райан өөрийн өрөөндөө нас барсан юм. Хохирогч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй халдлагын хэргээр баривчлагдсаныхаа дараа амиа хорлоно гэж удаа дараа анхааруулсан байсныг үл харгалзан цагдаа нар арга хэмжээ аваагүй байжээ. Түүний үхэлтэй холбоотой шүүхийн мөрдөн байцаалт өдгөө үргэлжилж байна.
Кальгурлигийн цагдаагийн түр саатуулах байранд жижүүрлэж байсан цагдаа Лилли Тейлор шүүхэд мэдүүлэг өгөхдөө талийгаачийг өндөр эрсдэлтэй хоригдолд тооцоогүйдээ харамсаж буйгаа илэрхийлэв. Түүний 10 цагийн ээлжийн хугацаанд Райан гарынхаа судсыг зүсэж, жорлонгийн ус ууж, ялгадсаа биедээ наах зэрэг маш түгшүүртэй үйлдлүүдийг гаргаж байжээ. Тейлор тухайн үед уг зан байдлыг эрсдэлийн өндөр түвшинд хүрсэн гэж үзээгүйгээ дурдсан юм.
Дотоод шалгалтын үр дүнд хариуцлага алдсан зургаан цагдаад шийтгэл оноосны дотор Тейлор багтжээ. Нэгэн цагдаагийн ажилтан Райаны амиа хорлох анхааруулгыг үл тоомсорлож, түүний үхлээр даажигнаж байсан тухай 'ABC' агентлаг анх дэлгэсэн билээ. Тэрбээр уг мэдэгдлийг системд зохих ёсоор бүртгэж баримтжуулаагүйгээ хожим нь хүлээн зөвшөөрсөн юм.
Талийгаачийг хямралын тусламжийн тасгаас шилжүүлэхээс өмнө сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт оруулах ёстой байсан ч уг шалгалтыг огт хийгээгүй өнгөрчээ. Мөн өөр нэгэн албан хаагч талийгаачийг ял шийтгэлээс зайлсхийж, эмнэлэгт хэвтэхийн тулд худал ярьж байна гэж андуурсан тухайгаа шүүхэд тайлбарлав. Энэхүү явдлаас хойш цагдаагийн ажилтнууд хоригдлуудын сэтгэл зүйн асуудлыг илүү нухацтай авч үзэх болсноо онцоллоо.


