Нигерийн Мансууруулах бодисын хяналтын үндэсний агентлаг (NDLEA) томоохон ажиллагаа явуулж, 226.8 сая ам.доллароор үнэлэгдэх метамфетамин хураан авч, Мексикийн таван иргэнийг саатуулснаа лхагва гарагт зарлав.
Тус улсын зүүн өмнөд нутгийн Энугу мужид нууцаар ажиллаж байсан лабораториос бэлэн болсон болон боловсруулах шатандаа байсан нийт 1512 килограмм мансууруулах бодисыг хураасан талаар агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Феми Бабафеми мэдээллээ. Хэрэгт сэжиглэгдсэн мексик мэргэжилтнүүдийг Нигерийн нэгэн иргэн тусгайлан хөлсөлж, хууль бус үйлдвэрлэлээ удирдуулж байсан байна.
Эрх баригчид эдгээр мексик иргэдийг өнгөрсөн наймдугаар сард хилээр нэвтрэхийг нь хориглосон боловч тэд есдүгээр сард хөрш Бенин улсаар дамжин хуурамч паспортоор нэвтэрчээ. Нигерийн тусгай албад тэдний хөдөлгөөнийг тандаж, арваннэгдүгээр сарын 11-ний өдөр лаборатори дотор нь баривчилсан бөгөөд ойролцоох зочид буудлаас холбогдох нигери иргэнийг мөн саатуулсан аж.
Энэ төрлийн томоохон ажиллагаа анхных нь биш юм. Өнгөрсөн тавдугаар сард Нигерийн баруун өмнөд хэсэгт хийсэн шалгалтаар Мексикийн гурван иргэн багтсан 10 хүнийг баривчилж байв. Мөн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад метамфетамины лаборатори ажиллуулсан хэргээр мексикчүүд саатуулагдаж байсан нь латин америкийн хар тамхины картелиуд Африк тивд байр сууриа бэхжүүлж буйг харуулж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Мексикийн Синалоа болон Халиско картелиуд хууль сахиулах чадавх сул, авилгал гүнзгийрсэн бүс нутгуудыг сонгон үйл ажиллагаагаа өргөжүүлж буй. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Баруун болон Төв Африкийн хил хяналт сул, өргөн уудам нутаг дэвсгэртэй байдал нь олон улсын гэмт бүлэглэлүүдэд ашигтай нөхцөл бүрдүүлж байгааг анхаарууллаа.


