АНУ-ын шүүх Сассексийн гүнгийн авхайн эцэг 82 настай Томас Марклыг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэрэл зураг хадгалсан хэрэгт холбогдуулан Калифорни муж руу шилжүүлэх шийдвэр гаргалаа. Флоридагийн шүүгч Линдси Гриффин түүнийг харьяаллын дагуу яллах газарт нь шилжүүлэн хүргэх тушаалд гарын үсэг зурсан байна. Түүнийг хүүхдийн садар самуун материал хууль бусаар хадгалсан хоёр зүйл ангиар яллах үндэслэлтэй гэж Баруун эргийн холбооны их тангарагтны зөвлөл өмнө нь үзсэн юм.
Их тангарагтны зөвлөлийн баримтад дурдсанаар, Томас Маркл энэ оны аравдугаар сарын 30 болон арваннэгдүгээр сарын 4-ний орчимд 12 насанд хүрээгүй болон бэлгийн бойжилт эхлээгүй бага насны хүүхдүүдийн садар самуун дүрсийг агуулсан 35 мм-ийн хальсны негативуудыг санаатайгаар хадгалж байжээ. Хэрэв шүүхээр түүний гэм буруутай нь тогтоогдвол зүйл анги тус бүрд 20 хүртэлх жилийн хорих ял ногдуулах хуулийн заалттай байна.
Холбооны мөрдөх товчоо (ФБТ) түүний Лос-Анжелес хотод 20 орчим жил түрээсэлсэн агуулахаас нотлох баримтуудыг хураан авсны дараа арваннэгдүгээр сарын 6-нд Флоридад баривчилжээ. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаа нь түүний хүү Томас Маркл Жр Филиппиний Себу хотод байх эцгийнхээ эд зүйлсээс хууль бус зураг илрүүлснээ тус улсын цагдаа болон ФБТ-д мэдэгдсэнээр эхэлсэн байна. Сэжигтэн эхэндээ батлан даалтад гарсан ч цахим бугуйвчаа тайлж хаясны улмаас дахин баривчлагдаж, цагдан хоригдсон бөгөөд өөрт нь тулгасан хэргийг ойлгохгүй байгаагаа мэдэгдэн буруутгалыг няцааж байв.
Энэхүү хэрэг Их Британид ч анхаарал татаж байна. Эцгээсээ хөндий харилцаатай байдаг гүнгийн авхай Меган уг мэдээнд гүнээ сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр 2019 онд Лондонгийн Цагдаагийн газар болон Хааны гэр бүлийг хамгаалах албанаас эцгийнх нь талаар ноцтой мэдээлэл хүлээн авч байсан ч шалгаж байгаа гэсэн хариу авч байснаа хуваалцжээ. Харин тухайн үед уг мэдээллийг бусад хууль сахиулах байгууллагад дамжуулаагүй алдаа гаргаснаа Лондонгийн цагдаагийн газар хүлээн зөвшөөрсөн бөгөөд цагдаагийн бие даасан хяналтын байгууллага уг асуудлыг тусгайлан шалгаж байна.


