Миний тохиргоо

Хүүхдийн аминд хүрсэн гэмт хэрэгтэн шоронд бусдын гарт амиа алдав

Их Британийн чанга дэглэмтэй 'Франкланд' шоронд 2002 онд хоёр охины амийг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байсан 52 настай Иан Хантли бусдын гарт амиа алдсан хэргийн шүүх хурал Ньюкасл хотын Төв шүүхэд эхэллээ. Тус шоронд мөн адил гурван хүний аминд хүрсэн хэргээр бүх насаараа хоригдож буй 44 настай хоригдол Энтони Рассел түүний толгой руу хүнд төмөр бариулаар удаа дараа цохин хөнөөсөн гэж буруутгагдаж байна.

Прокурор Мэттью Биний шүүх бүрэлдэхүүнд танилцуулснаар, уг халдлага нь хэдэн долоо хоногийн өмнөөс урьдчилан төлөвлөсөн, онц хэрцгий аллага байжээ. 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өглөөний 09:00 цагийн орчимд болсон уг халдлагын дараа Расселыг аллагын хэрэгт буруутгасан ч тэрбээр гэм буруугаа хүлээхээс татгалзаад байна.

Халдлагад өртөж амиа алдсан Хантли нь 2002 оны наймдугаар сард Кембрижшир гүнлэгийн Сохам тосгонд Холли Уэллс, Жессика Чэпмэн хэмээх хоёр сургуулийн сурагчийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан юм. Прокурор шүүхийн танхимд хэлэхдээ, олон нийт хохирогчийг өнгөрсөнд үйлдсэн аймшигт гэмт хэргээс нь болж өрөвдөхгүй байж болох ч энэ хэрэг нь түүний өнгөрсөн үйлдэлд бус, харин шоронд хэрхэн амиа алдсан бодит нөхцөл байдалд төвлөрөх ёстойг онцлов.

Хэрэг гарахын өмнөх саруудад уг хоёр ялтны хооронд харилцааны зөрчил үүсэж байжээ. Тухайлбал, 2025 оны гуравдугаар сард тэд хоорондоо муудалцаж, сүрдүүлсэн тул шоронгийн ажилтнууд тэднийг салгаж байсан баримттай байна. Мөн үүнээс арван сарын дараа Рассел нүд нь хөхөрсөн байдалтай олдсон бөгөөд унасан гэж тайлбарлаж байсан ч Хантли түүнийг цохисон байж болзошгүйг нотлох баримтууд байгааг прокурор дурдлаа.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж