Туркийн цагдаа нар мягмар гаргийн өглөө эрт сөрөг хүчнийг дэмжигч 'Sozcu TV' телевизийн Истанбул дахь төв байранд гэнэтийн нэгжлэг хийлээ. Эрх баригчид шүүхийн шийдвэрээр тус телевизийн удирдах ажилтнуудыг баривчилж, байгууллагын удирдлагаар төрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тухай хэвлэлийн групп мэдээлэв.
Цагдаагийн тусгай ажиллагаа өглөөний 05:00 цагийн (Гринвичийн цагаар 0200) өмнөхөн эхэлж, ажилтнуудыг дотогш нэвтрэхийг бүрэн хориглон барилгыг бүсэлсэн байна. Төрийн томилсон захирагч телевизийн суваг болон мэдээллийн цахим хуудсыг хяналтдаа авсан ч хэвлэмэл сонины үйл ажиллагаанд хараахан гар хүрээгүй үлдээжээ.
Истанбул хотын Ерөнхий прокурорын газар уг ажиллагааг 'терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хууль' зөрчсөн хэрэгт холбогдуулан явуулж буй мөрдөн шалгалтын нэг хэсэг хэмээн тайлбарлав. Албаныхан тус сувгийг 2016 оны цэргийн эргэлт хийхийг завдсан хэрэгт буруутгагдаж, 2024 онд насан эцэслэсэн номлогч Фетхуллах Гюлений сүлжээтэй холбоотой гэж үзжээ. Харин 'Sozcu' группийн өмгөөлөгч Эрсан Баркын энэ үндэслэлийг үгүйсгэж, Дээд шүүхээс өмнө нь хэрэгсэхгүй болгосон хэрэг дээр дөрөөлөн улс төрийн шийдвэр гаргалаа гэж мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаглалын 22 жилийн хугацаанд Турк дэх хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал эрс доройтжээ. 'Хил хязгааргүй сурвалжлагчид' байгууллагын дэлхийн индексээр Турк улс 180 орноос 163 дугаарт эрэмбэлэгдэж, бие даасан телевизийн сувгуудыг хүчээр хаах явдал тасралтгүй үргэлжилж байна.


