Миний тохиргоо

Швейцар зэвсгийн экспортын хязгаарлалтыг зөөлрүүлэхээр бүх нийтийн санал хураалт явуулж байна

Швейцар улс ням гарагт цэргийн зориулалттай техник хэрэгслийн экспортын хатуу зохицуулалтыг зөөлрүүлэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж эхэллээ. Тус улсын Дайны зориулалттай материалын тухай хуулийн шинэчлэл нь АНУ, Их Британи болон Европын холбооны гишүүн 36 улсад зэвсэг экспортлох журмыг хөнгөвчлөх зорилготой юм.

Шинэ журмаар Швейцарын зэвсгийг худалдан авсан улсууд цааш гуравдагч оронд шилжүүлэхдээ Швейцарын талын зөвшөөрлийг тухай бүр заавал авах шаардлагагүй болно. Өнөөгийн хуулиар цэргийн техник авсан түнш орнууд урьдчилсан зөвшөөрөлгүйгээр зэвсэгт мөргөлдөөний бүс рүү тус зэвсгийг дамжуулан нийлүүлэхгүй байх үүрэг хүлээдэг байв.

Мөн Швейцарын гадаад харилцаа болон аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд зэвсэгт мөргөлдөөнд оролцож буй түнш оронд зэвсэг нийлүүлэхийг Засгийн газар нь зөвшөөрч болох аж. Украины дайн эхэлснээр Швейцарын бодлого боловсруулагчид тус улсын урт хугацаанд баримталж ирсэн төвийг сахих байр суурийг эргэн авч үзэхэд хүрсэн юм.

Хуулийн өөрчлөлтийг дэмжигчид энэхүү шинэчлэл нь үндэсний батлан хамгаалах салбар болон армийг бэхжүүлнэ хэмээн үзэж байна. Швейцарын хууль тогтоогчид олон жилийн турш цэргийн экспортын хатуу хязгаарлалтыг зөөлрүүлэхийг хичээж ирсний эцэст 2025 оны арванхоёрдугаар сард шийдвэрлэсний дараа уг бүх нийтийн санал хураалтыг зарлажээ.

Харин төвч-зүүний болон ногоон намуудын эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд үүнийг эрс эсэргүүцэж, зэвсгийн хяналтыг сулруулах нь хэт даврагчдад боломж олгоно гэж сэрэмжлүүлэв. Тэд Швейцарын төвийг сахих нэр хүндэд сэв сууж, зэвсэг мөргөлдөөний бүсэд хэрэглэгдэх эрсдэл бий болно хэмээн шаардлагатай тооны гарын үсэг цуглуулж хуулийн хэрэгжилтийг зогсоон ард түмнээр шийдүүлэхээр болсон юм.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж