Израилийн сөрөг хүчний удирдагч Гади Айзенкот болон Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар ням гарагт үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах асуудлаар хоёр цаг орчим хэлэлцээ хийв. Аравдугаар сарын 27-нд болсон парламентын сонгуулиар аль ч тал олонх болж чадаагүй тул эвсэл байгуулах яриа сунжирчээ.
Хэдийгээр сонгуульд Айзенкотын тэргүүлсэн 'Яшар' намын эвсэл Нетаньяхугийн 'Ликуд' намын араас хоёрдугаарт орсон ч улс төрийн намуудын олонх түүнийг дэмжсэн юм. Үүний дүнд Ерөнхийлөгч Исаак Герцог шинэ засгийн газрыг бүрдүүлэх үүргийг энэ сарын эхээр Айзенкотод даалгасан билээ.
Уулзалтын өмнөхөн буюу бямба гаргийн орой Нетаньяху эв нэгдлийн засгийн газрын хүрээнд Айзенкотыг эхэлж ерөнхий сайдаар томилох ээлжит засаглалын хувилбарыг санал болгосон байна. Гэвч ням гаргийн уулзалтаар талууд нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Талуудын хамтарсан мэдэгдэлд хэлэлцээ ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, хоорондын томоохон зөрүүтэй байр сууриа ойртуулахыг хичээсэн гэж дурджээ.
Израилийн '12-р суваг' телевизийн мэдээлснээр талууд дахин уулзалт товлоогүй бөгөөд Айзенкот одоогийн эвслийн түншүүддээ үнэнч үлдэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн тэрбээр 'Ликуд' намыг зөвхөн засгийн газар бүрдсэний дараа эвсэлд нэгдэх боломжтойг сануулжээ.
Израилийн хуулийн дагуу Айзенкот арванхоёрдугаар сарын 6 гэхэд засгийн газраа эмхлэн байгуулах үүрэгтэй бөгөөд амжихгүй бол хугацааг 14 хоногоор сунгах эрхтэй. Тэрбээр зүүний 'Ардчилагчид' болон барууны 'Манай гэр Израиль' намуудтай тохиролцсон ч 61 суудлын олонхыг хараахан бүрдүүлээгүй байна.
Эвслийн гол зорилго нь Нетаньяхуг эрх мэдлээс буулгахад чиглэж байгаа бөгөөд Араб эсвэл хэт үнэн алдартны шашинтнуудын намыг хамруулах эсэх дээр намуудын санал зөрөлдөж байна. Эвслийн гишүүн Яир Лапид Нетаньяхугийн саналыг 'заль мэх' хэмээн няцааж, Айзенкотыг 'Ликуд'-тэй хэлэлцээ хийхээс өмнө өөрийн засгийн газраа тангараглуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.


