Гүржийн эрх баригчид Туркийн 'Бешикташ' болон Израилийн 'Хапоэль Беэр-Шева' багуудын тоглолтын дараа 16 хүнийг саатуулан шалгаж эхлэв. Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА аюулгүй байдлын үүднээс Европын лигийн тавдугаар тойргийн уг тоглолтыг Туркээс Батуми хот руу шилжүүлсэн байна. Гэвч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч цэнгэлдэхэд эмх замбараагүй байдал үүсэж, тоглолт хагас цагаар саатжээ.
Тоглолтын 26 дахь минутад Палестины далбаа, уриа лоозон дэлгэсэн хөгжөөн дэмжигчид рүү цагдаа нар чинжүүтэй хий цацсан тухай Туркийн хэвлэлүүд мэдээлэв. Үүнээс болж нэгэн хөгжөөн дэмжигч эмнэлэгт хүргэгдэж, хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байна. Харин багууд талбайд буцаж гараад 'Бешикташ' өрсөлдөгчөө 2:1 харьцаагаар буулган авлаа.
Туркийн эрх баригч намын төлөөлөгч Омер Челик Палестиныг дэмжсэн иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэснийг огт хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, хатуу буруушаав. 'Бешикташ' клуб болон Туркийн хөлбөмбөгийн холбоо Батуми дахь ерөнхий консулын газар, УЕФА-д албан ёсоор хандаж, хэрэг явдлыг шалгуулахаа зарлалаа. Үүний зэрэгцээ Туркийн супер лигийн бусад томоохон клубууд ч цагдаагийн хууль бус хүчирхийллийг зэмлэн мэдэгдэл гаргав.
Гүржийн Дотоод хэргийн сайд Сулхан Тамазашвили цагдаагийн гурван алба хаагч бэртсэн бөгөөд 16 хүнийг баривчилсан гэж сэтгүүлчдэд тайлбарлав. Тус яамнаас мэдээлснээр хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх рүү жагсах үеэсээ эхлэн эмх замбараагүй байдал тарьж, шаардлага эсэргүүцсэн тул тусгай хэрэгсэл хэрэглэжээ. Түүнчлэн далбаа хураасан явдалд УЕФА хариуцлага хүлээх бөгөөд Гүржийн тал холбоогүй гэж тайлбарлалаа.
Газын зурваст дайн эхэлсэн 2023 оны аравдугаар сараас хойш Израилийн клубууд Туркт очиж тоглохоо бүрэн зогсоож, төвийг сахисан оронд тоглох болсон юм. Туркийн тал Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн цэргийн бодлогыг эрс шүүмжилдэг бол Гүрж улс Израильтай ойр дотно харилцаагаа хадгалсаар иржээ.
Израилийн багууд оролцсон тоглолтууд өмнө нь ч олон улсад хүчирхийлэл, мөргөлдөөн дагуулж байв. Тухайлбал, 2024 онд 'Аякс' болон 'Маккаби Тель-Авив' тоглолтын дараа Израилийн дэмжигчид Палестины далбааг шатааснаас үүдэн Амстердамд томоохон мөргөлдөөн гарч байсан билээ.


