Австралийн Викториа муж улсын Либерал намын тэргүүн Жесс Уилсон ирэх 11 дүгээр сард болох муж улсын сонгуульд ялалт байгуулбал өсвөр насны гэмт хэрэгтнүүдийг шинэ төрлийн хатуу дэглэмт сургалтын лагерьт илгээх эрхийг шүүхэд олгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд шүүх 14-өөс 17 насны ял шийтгүүлсэн залуусыг нийтийн ажил хийлгэх эсвэл бусад төрлийн хорих ялын оронд тус лагерьт шилжүүлэх боломж бүрдэнэ.
Хөтөлбөрийг Шеппартон хотын ойролцоох, өнгөрсөн оны есдүгээр сард үйл ажиллагааг нь зогсоосон Дурингил шоронд байрлуулахаар төлөвлөсөн байна. Лагерьт ирсэн өсвөр насныхан фермийн ажил, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хоол бэлтгэл зэрэг өдөр тутмын биеийн хүчний хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ боловсролын хичээлд заавал хамрагдах шаардлагатай болох юм. Сөрөг хүчний тэргүүн Жесс Уилсон сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр энэхүү төлөвлөгөө нь залууст сахилга бат, хүндэтгэлийг суулгаж, зөв замд нь оруулах ур чадвар эзэмшүүлэх зорилготой хэмээн онцлов.
Эрх баригч Лейборист нам энэхүү санаачилгыг шүүмжилж, дутуу боловсруулсан төсөл гэж үзлээ. Тус намын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр тэд заавал хамрагдах нөхөн сэргээх төлөвлөгөөндөө 204 сая долларын төсөв баталсан бөгөөд хууль зүйн тодорхой зохицуулалттай тул даруй хэрэгжүүлэх боломжтой гэв. Муж улсын Ерөнхий сайд Бен Кэрролл уг саналын талаар шууд хариулт өгөөгүй ч сонгуульд ялбал Мельбурн хотын баруун хэсэгт цагдаагийн хоёр дахь академийг байгуулж, 1500 цагдаа нэмж ажилд авахаа амласан байна.
Дурингил шорон хаагдсанаас хойших нэг жилийн хугацаанд тус байгууламжийн харуул хамгаалалт, арчилгаанд 2 сая гаруй доллар зарцуулсныг өнгөрсөн оны аравдугаар сард парламентад тайлагнажээ. Уг газрыг түрээслэх болон газар тариалан эрхлэх замаар ямар ч орлого олоогүй бөгөөд орон нутгийн байгаль орчны болон уугуул иргэдийн байгууллагууд худалдан авахаар хэлэлцээ хийж байсан ч муж улсын Засгийн газрын үнэлгээний дүнг хүлээж байсан юм.


