Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-аас олгосон Starshield сансрын холбооны системийн ажиллагаа удааширч, Оросын агаарын цохилтыг таслан зогсоох боломжийг хязгаарлаж байгааг мэдэгдлээ. Тэрбээр 'Бид эдгээр хязгаарлалтыг цуцална гэдэгт найдаж байна. Өвлийн улирал эхлэхээс өмнө хүний амь нас болон эрчим хүчний дэд бүтцээ хамгаалах нь үүнээс шууд хамаарна' хэмээн онцлов. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар болон тэрбумтан Илон Маскийн компанитай нягт хамтран ажиллахыг холбогдох албаныханд даалгаснаа тэмдэглээд, 'түүхийн зөв талд зогсох нь чухал' гэж мэдэгдсэн байна.
Илон Маскийн эзэмшдэг, АНУ-ын засаг захиргаанаас нийлүүлсэн цэргийн зориулалттай Starshield систем нь пуужин болон нисгэгчгүй онгоцыг агаарт сөнөөхөд ашиглагддаг бол энгийн Starlink сүлжээг фронтын шугам дахь харилцаа холбоонд хэрэглэдэг ажээ. Системийн хурдны хязгаарлалт аравдугаар сараас эхлэн илэрсэн бөгөөд Маск үүнийг АНУ-ын тал хянадаг гэж тайлбарласан бол Доналд Трамп буруутгалыг няцааж, сүлжээгээ сэргээхийг тэрбумтанд сануулсан гэх зөрүүтэй байр суурь илэрхийлсэн юм. Долоо хоногийн дараа хэвийн болсон мэт харагдсан боловч хязгаарлалт бодит байдал дээр үргэлжилсээр байгааг Киев онцолж байна.
Зеленскийн өгүүлснээр сөнөөгч нисгэгчгүй төхөөрөмжүүд цагт 161 километрийн хурдтай нисэх үед удирдах оператортойгоо холбоо тасарч байгаа тул Оросын тийрэлтэт 'Шахед' дронуудыг гүйцэж амдахгүй байгаа аж. Түүнчлэн фронтын шугам болон Оросын эзэлсэн нутаг дэвсгэрийн дагуу тогтоосон энэхүү хязгаарлалт нь улс төрийн ноцтой үр дагавартай бөгөөд эзлэгдсэн бүсийг Украины бус гэж шууд бусаар хүлээн зөвшөөрч буй мэт хэрэг болж байна хэмээн шүүмжлэв. Холбооны хүндрэлээс гадна Украины армид АНУ-д үйлдвэрлэсэн Patriot пуужингийн нөөц хомсдсоныг далимдуулан Оросын тал агаарын цохилтоо эрс нэмэгдүүлжээ.
Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Оросын арми Запорожье, Сумы, Одесса, Житомир болон Кировоград мужуудын эрчим хүчний байгууламжууд руу довтолсон бөгөөд Днепр, Харьков чиглэлийн төмөр замын дэд бүтэц ч өртсөн байна. Чернигов мужийн Мена хотод дэд бүтцийн байгууламж сүйдэж, хоёр хүн амиа алдаж, өөр бусад бүс нутгуудад олон тооны хүн бэртэж гэмтсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдээллээ.
Үүний хариуд Украины Батлан хамгаалах хүчин 11 дүгээр сарын 15-ны шөнө Оросын Татарстан улсын Нижнекамск хот дахь нефть боловсруулах болон нефть-химийн үйлдвэрүүдэд цохилт өгсөн байна. Цэргийн байгууллагын мэдээлснээр дайныг түлш, түүхий эдээр хангаж буй чухал объектуудыг онилсон аж. Мөн Оросын хил орчмын аж үйлдвэрийн хот болох Таганрог болон эзлэгдсэн Луганск мужид хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Энэ үеэр дэлхийн газрын тосны үнэ өсөхөөс сэргийлэх сэдлээр Украиныг Оросын газрын тосны дэд бүтцийг онилохоо зогсоохыг АНУ-аас шаардсан нь харилцаанд багагүй дарамт үүсгээд байв.
Нөгөө талд бүс нутгийн аюулгүй байдал улам хурцдаж, Эстони улс Оростой хиллэдэг боомтуудаа 12 дугаар сарын 1-нээс эхлэн хаахаар шийдвэрлэжээ. Энэ нь цэргийн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч Threod Systems компанийн байрыг галдан шатаахыг завдсан хэрэг гарсантай холбоотой бөгөөд уг ажиллагааг Оросын цэргийн тагнуулын алба (ГРУ) зохион байгуулсан гэж сэжиглэн найман хүнийг саатуулаад байна.


