Apple компани жил бүр уламжлал болгон гаргадаг Зул сарын сурталчилгааны богино хэмжээний киногоо танилцууллаа. 'The Dreamer' буюу 'Мөрөөдөгч' нэртэй дөрвөн минутын уг бүтээлийн зураг авалтыг Прага хотын метроны вагон, орон сууцны хороолол болон хотын томоохон дурсгалт газруудад хийжээ.
Кинонд зураг зурах авьяастай хэдий ч сургууль болон хувийн амьдралдаа бэрхшээлтэй тулгардаг нэгэн хүүгийн тухай өгүүлдэг. Тэрбээр авьяас чадварт нь итгэдэг ойр дотны хүнийхээ дэмжлэгтэйгээр зураач болох хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрдгийг харуулсан бөгөөд киноны туршид Apple-ийн хамгийн сүүлийн үеийн MacBook зөөврийн компьютерын онцлогийг давхар сурталчилсан байна.
Киноны зарим хэсгийг Зөвлөлтийн үеийн '81-71' загварын метроны вагонд авчээ. Тус загварыг Прага хотын нийтийн тээврийн компани өдгөө түүхэн, тусгай аялалд ашигладаг юм. Мөн Вршовице дүүргийн орон сууцны хорооллын хашаа болон Прагын хамгийн том Страхов цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо зураг авалт хийгдсэн байна.
Үүнээс гадна төмөр замын дагуух хэсгүүдэд Чехийн төмөр замын 'Pendolino' галт тэрэг болон Москевска гудамжны ган гүүр харагддаг. Харин хүүхдийн сургуулийн дүр зургийг Ханспаулкагийн ерөнхий боловсролын сургуульд авчээ.
Apple компани сурталчилгааны ажилдаа Чех улсыг, тэр дундаа Прага хотын өвөрмөц орчныг тогтмол сонгож, олон улсын томоохон төслүүдийнхээ зураг авалтыг амжилттай хийсээр ирсэн уламжлалтай билээ.


