Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Төв эрэг дэх Этталонг далайн эрэг дээр усанд сэлж байсан 20 орчим насны залуу аянганд цохиулжээ. Ослын дараа ойролцоо байсан хүмүүс түүнийг уснаас гаргаж, эмнэлгийн түргэн тусламжийн баг иртэл зүрхний сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн байна. Хохирогчийг эхлээд Госфорд эмнэлэгт хүргэсэн ч улмаар Сидней хотын 'Роял Норт Шор' эмнэлэгт шилжүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүнд боловч тогтвортой байгаа аж.
Энэхүү осол нь Сидней болон тус муж даяар болсон хүчтэй шуурганы үеэр тохиолдсон бөгөөд нийт 250 орчим тусламжийн дуудлага бүртгэгдсэн байна. Гурван хүүхэдтэйгээ амарч байсан нутгийн оршин суугч Тейлор Ли Квимби далайн эрэг дээр тэнгэр цэлмэг, нар гарч байхад ойролцоогоор 200 метрийн зайд маш хүчтэй дуу чимээ гарсныг онцлон ярилаа.
Цаг уурын товчооны ахлах мэргэжилтэн Сара Скалли цэлмэг тэнгэрээс аянга буух үзэгдэл нь аадар шуурганы голомтоос 30 километрийн зайд бүртгэгдэх боломжтойг мэдэгдэв. Түүний тайлбарласнаар, аадрын үүлс заримдаа агаар мандалд 30000 фут өндөрт хүрдэг тул аянгын цэнэг оройн хэсгээс цэлмэг агаараар дамжин 15-аас 30 километрийн зайд газар унах эрсдэлтэй байдаг байна.
Цаг уурчид Шинэ Өмнөд Уэльс муж, тэр дундаа Дунд Хойд эрэг болон Умард голуудын бүс нутгаар дахин аюултай аадар бороо орохыг анхааруулаад байна.


